Монгол Улсын эрчим хүчний системийн хамгийн оргил ачаалал өнгөрсөн долоо хоногийн хугацаанд энэ сарын 12-ны 21.00 цагт 1416 МВт-д хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 144 МВт-аар өссөн дүн гарсныг ЭХЗХ-ноос мэдээлэв. Оргил ачаалалтай холбоотойгоор “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, “Монгол Улсын эрчим хүчний салбар өвлийн их ачааллын хугацаанд эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангахад хүндрэл үүсэж, чадлын дутагдалд орсноор тодорхой байршлуудад хязгаарлалт хийгдэж байна. Иймээс хэрэглэгч та бүхэн 17.00-21.00 цагт эрчим хүчний хэрэглээгээ бууруулж, хэмнэлт хийхийг уриалж байна. Хэзээ, хаана хязгаарлалт хийхийг тухай бүрт Диспетчерийн үндэсний төвөөс шийдвэрлэх тул урьдчилан мэдээлэх боломжгүй байна” гэжээ.
Ташрамд дурдахад, эрчим хүч хэмнэлтийн даатгалын бүтээгдэхүүн танилцуулсныг ЭХЗХ-ноос мөн мэдээллээ. Эрчим хүч хэмнэлтийн даатгал нь Монгол Улсын даатгалын зах зээлд харьцангуй шинэ бүтээгдэхүүн. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр өнгөрсөн оны аравдугаар сард “Эрчим хүч хэмнэх гэрээний хариуцлагын даатгал” нэртэйгээр бүртгүүлсэн байдаг. Энэ нь эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгч гэрээгээр хүлээсэн хэмнэх хэмжээндээ хүрээгүй, эрсдэл хүлээх тохиолдолд тухайн даатгагч компаниас хэмнээгүй цахилгааны дүнгээр нөхөн төлбөр олгох нөхцөлтэй хоёр талын итгэлцлийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах зорилготой даатгал юм. Эл даатгалыг Дэлхийн уур амьсгалын ногоон сангийн тусламжтайгаар “Хас банк” санхүүжүүлж, зөвлөх үйлчилгээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтрагч Швейцарын BASE (“Basel agency for sustainable energy”) компани холбогдох суурь судалгааг нь хийсэн аж.
Эрчим хүч хэмнэх гэрээний хариуцлагын даатгалыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ зохион байгуулахад ЭХЗХ, СЗХ, цахилгаан хэмнэх үүрэг хүлээсэн 60 орчим компани гээд 120 гаруй төлөөлөл оролцож, энэ төрлийн даатгал, түүний ашиг тусын талаар мэдээлэл авч, санал солилцлоо. Энэхүү даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлснээр цаашид ногоон худалдан авалтад зориулан санхүүжилтийн эх үүсвэр авах, олон улсын хамтын ажиллагаа, эрчим хүчний салбарт ногоон хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд ашиглах боломжтой аж. Мөн нүүрстөрөгчийн ялгарал багатай ногоон эрчим хүчинд шилжих, эрчим хүчний системийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах боломж бүрдэх гэнэ.
Бэлтгэсэн: Ц.Болор