Чехийн хууль сахиулагчид Украины эсрэг дайн эхлүүлсэн ОХУ-ын бодлогыг олон нийтийн өмнө дэмжсэн иргэдийн эсрэг 384 эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж тус улсын Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Ондрей Моравчик мэдэгджээ.
Түүний хэлснээр 99 тохиолдолд сэжигтнүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байгаа аж. 121 хэрэг нь "террорист байгууллагыг дэмжих болон суртал ухуулгын бусад хэлбэр, мөн хүний эрх, эрх чөлөөг дарангуйлахад чиглэсэн үйл ажиллагаатай холбоотой" гэж Моравчик хэлсэн байна.
Чехийн Ерөнхий прокурорын газар ОХУ-ын Украинд түрэмгийлэхэд дэмжлэг үзүүлж болзошгүй хэргийг "гэмт хэргийг хөхүүлэн дэмжих" болон "хоморголон устгах үйлдлийг үгүйсгэх, зөвтгөх, дэмжих" гэсэн хоёр зүйл ангиар авч үзэх гэнэ.
"Хэрэв хэн нэгэн хүн олон нийтэд, тэр дундаа жагсаал цуглаан, цахим сүлжээ эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Украинд хийсэн дайралтыг сайшааж байгаагаа илэрхийлэх эсвэл энэ хүрээнд ОХУ-ын удирдагчдыг дэмжих, магтах юм бол тодорхой нөхцөлд тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ"гэж тус мэдэгдэлд тэмдэглэжээ.
Тухайн үйлдлийн хамгийн дээд хэмжээ нь гурван жилийн хорих ял юм.