Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны үеэр Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хийлээ.
Тэрбээр "НИТХ-ын 2023 оны наймдугаар сарын 9-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр 429.1 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалахаар төсвийн төсөлд тодотгол хийсэн. Гэвч Улаанбаатар бондын анхдагч зах зээлийн арилжааг СЗХ-ноос түр хойшлуулсантай холбогдуулан төсвийн орлого буурах, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл үүсэж, "Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл"-ийг арваннэгдүгээр сарын 2-нд НИТХ-ын даргад өргөн барьсан” гэлээ.
Дээрх нөхцөлийн улмаас Нийслэлийн төсвийг 429.1 тэрбум төгрөгөөр бууруулж, нийт орлогыг 1.6 их наяд төгрөр, зарлагыг 1.2 их наяд төгрөгөөр тооцон төсвийн тодотголын төсөвт тусгасан байна. Мөн нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээр 2023 онд санхүүжүүлэх сургууль цэцэрлэгийн бодит гүйцэтгэл, хотын инженер хангамжийн техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх асуудлыг ч хөнджээ.
Тодруулбал, нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэхээр тооцсон. Үүнд
- Нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлаас 7.1 тэрбум төгрөг
- Нийслэлийн үнэт цаас гаргах бэлтгэл ажлын зардлаас 1.1 тэрбум төгрөг
- Нийслэлд хэрэгжиж буй 9 нэр төрлийн арга, хэмжээний зардлаас 7.8 тэрбум төгрөг
- Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, рейс, цагийг нэмэгдүүлэхээр тооцсон 10.8 тэрбум төгрөг
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу нүүн шилжихээр төлөвлөсөн 800 сая төгрөгийн хэмнэлт хийхээр төлөвлөсөн.
Түүнчлэн, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний эхний арван сарын гүйцэтгэлд үндэслэн гэрээ байгуулагдаагүй хоёр төсөл арга хэмжээний санхүүжилт болох 6 тэрбум төгрөг, бодит гүйцэтгэл дутуу төсөл арга хэмжээний санхүүжилт болох 9.2 тэрбум төгрөг, нийт 15.2 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахаар тооцжээ.