ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ийг бүтээгдэхүүний олборлолтоо багасгахыг Ирак дэмжиж буйгаа илэрхийлсэн зэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт нефтийн ханш хоёр орчим хувиар дээшиллээ. Эл байгууллагын болон ОХУ зэрэг зарим үйлдвэрлэгч орны уулзалт энэ сарын 26-нд болох бөгөөд олборлолтын хэмжээний талаар хэлэлцэх юм. “Price futures group”-ийн шинжээч Фил Флинн “Саудын Араб, ОХУ газрын тосны олборлолтоо энэ оныг дуустал бууруулна гэдгээ баталгаажуулсан” хэмээн өгүүлснийг “Reuters” дамжуулав. Мөн АНУ-ын компаниуд газрын тосны цооногийнхоо тоог 2022 оны нэгдүгээр сараас хойших доод түвшинд хүргэжээ. Баасан гарагт “Brent” маркийн нефтийн ханш 1.8 хувиар өсөж баррель нь 81.43 ам.доллартой тэнцсэн байна.
Түүнчлэн WTI маркийн нефтийн үнэ 1.9 хувиар дээшилснээр баррель нь 77.17 “ногоон”-той дүйв. “Эрэлт нь багасаж магадгүй гэх хүлээлт үүссэн ч Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал газрын тосны ханшид нөлөөлж байна” хэмээн “Commerzbank”-ны шинжээчид дурджээ. Уг бүтээгдэхүүний томоохон хэрэглэгч БНХАУ-ын эдийн засгийн зарим үзүүлэлт тааруу гарсантай холбоотойгоор эрэлт нь буурч болзошгүй гэж зах зээлд оролцогчид таамаглаж буй гэнэ. “Хар алт”-ны тэргүүлэх экспортлогч Саудын Арабаас ирэх сард нийлүүлэлтээ багасгахыг урд хөрш дэх зарим боловсруулах үйлдвэр хүссэн тухай мэдээлэл ч бий юм. Ташрамд дурдахад, “RBC capital markets” компанийн шинжээч Хелима Крофт “Саудын Араб олборлолтоо ирэх жилийн эхний улиралд ч үргэлжлүүлэн танахыг үгүйсгэхгүй” гэсэн байна. “Capital economics” фирмийн шинжээчдийн таамаглаж буйгаар ОПЕК нийлүүлэлтээ үргэлжлүүлэн бууруулах шийдвэр гаргаж магадгүй аж. “Brent” маркийн баррель нефтийн ханш энэ оны эцэс болон ирэх жил 85 орчим ам.доллартой тэнцэнэ хэмээн төсөөлснөө тэд мөн дурджээ.