УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар 100 мянга гаруй иргэнээс ирүүлсэн, нийгмийн даатгалын болон хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувиар бууруулах өргөдлийг хэлэлцэв. Үүнээс НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгож нэмэгдүүлэх талаар иргэдээс ирүүлсэн саналтай холбоотойгоор татварын орчныг сайжруулах, тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад буй. Тус ажлын хэсгийнхэн эдгээр өргөдлийг хамтатган судалж, санал, дүгнэлт бэлтгэхээр боллоо.
Улмаар дээрх саналуудыг тусгасан Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, баталсан юм. Уг тогтоолд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын татварын орчинд үнэлэлт, дүн шинжилгээ хийж, шударга, ёсны зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох санал, дүгнэлтээ УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Төсвийн байнгын хороонд даалгав.
Бэлтгэсэн: У.Наран