Цас их хэмжээгээр орсны улмаас зарим аймгуудад өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан ЗХЖШ-ын дарга болон Хуурай замын цэргийн командлагчийн тушаалын дагуу цэргийн алба хаагчид Булган, Өвөрхангай, Төв аймгийн сумдад ажиллаж байгаа билээ. Зэвсэгт хүчний 6 нэгтгэл, ангийн 30 гаруй цэргийн алба хаагч 20 орчим нэгж техниктэйгээр Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур, Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Бүрэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ сарын 06-ны өдрөөс эхлэн зам даваа нээх, цасанд боогдсон малчин айл өрхүүдийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх, зам дагуу саатсан тээвэрчдийн техник хэрэгслийг татан гаргах зэрэг тусламж дэмжлэгүүдийг тасралтгүй үзүүлж байна.
Цэргийн алба хаагчдын нийгмийн хариуцлагын хүрээнд болоод зуд турхан, үер усны гамшгийн үед хамгийн түрүүнд ажиллаж байдагт нь иргэд олон нийт талархсаар байгаа юм.
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Манай аймгийн таван суманд гэхэд цэргийн алба хаагчид өдөр шөнөгүй ажиллаж байна. Үнэхээр л цэргийнхний өндөр хүчин чадалтай техникийн хүчээр зам даваа гүвээг нээхээс өөр арга байхгүй юм байна. Зам даваа нээхээс гадна намаржаандаа цасанд боогдсон малчдыг нүүлгэх, өвс тэжээл хүргэх гээд цэргийнхний бидэнд үзүүлж буй тусламж маш их. Үнэхээр талархаад баршгүй. Малчин буурлуудаас ч хүнд цаг үед тусалж байгаа цэргийн алба хаагчдадаа баярласнаа илэрхийлж, цэргийн дарга нарт нь заавал хэлээрэй гэж надаар дамжуулж байна лээ. Цэрэг, онцгой байдлын байгууллагын алба хаагчдынхаа хүчинд манай зарим суманд үүссэн хүндрэлүүд харьцангуй сайжирч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.