Салбарын хэмжээнд 2023 оны аравдугаар сард 196 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 124 гомдол мэдээллийг шийдвэрлэж 36 гомдолд зөрчлийн хэрэг нээж өнөөдрийн байдлаар 14 гомдол мэдээлэл шалгагдаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 153 иргэн, аж ахуйн нэгжид 120.200.0 мянган төгрөгийн торгууль оногдуулснаас 77.250.0 мянган төгрөг буюу (64.27%) төлөгдсөн байна. Мөн 66 иргэн, аж ахуйн нэгжид 518.125.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ноогдууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжаар улсын хэмжээнд 7 чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Арьс шир, ноос ноолуур, мах боловсруулах үйлдвэрүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 69 обьект хамрагдсан ба 41 мах боловсруулах төхөөрөх үйлдвэр, 20 арьс шир боловсруулах үйлдвэр хаягдал усыг төвийн шугамд нийлүүлж байна. Эдгээр үйлдвэрийн 27 нь бага оврын урьдчилан цэвэрлэх байгууламжтай, 24 буюу 34 хувь хаягдал усыг мэргэжлийн байгууллагатай гэрээний үндсэн дээр хаягдал усыг зөөврөөр зайлуулж байна. Дээрх бага оврын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний түвшин дунджаар 63 хувьтай байна.
Шалгалтад хамрагдсан обьектуудын эрсдэлийн түвшинг үнэлэхэд 12 буюу 24 хувь нь их, 22 буюу 44 хувь нь дунд, 16 буюу 32 хувь нь бага эрсдэлтэй, эрсдэлийн түвшин дунджаар 36.5 хувьтай, хуулийн хэрэгжилт 65.3 хувьтай байна.
Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлдэггүй, тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглах зөвшөөрөл дүгнэлтгүй, ариутгах татуургын шугамд нийлүүлж буй хаягдал усны умбуур бодис, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, био химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ нь MNS 6561:2015 стандартын шаардлага хангадаггүй, үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг ангилан ялгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлдэггүй, үйл ажиллагаандаа дотоод хяналт тавьдаггүй зэрэг зөрчил дутагдлууд нийтлэг гарч байна.
Хяналт шалгалтаар давхардсан тоогоор 496 зөрчил дутагдал илэрч, 59.46 хувийг арилгуулсан байна. Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн 291 заалттай 51 албан шаардлага хүргүүлж, 16 аж ахуйн нэгжид 22 400 000 төгрөгийн торгох шийтгэл, 9 400 000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулаад байна.