Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын VI дахь удаагийн импортын үзэсгэлэнд оролцох үеэр 2023 оны Монгол Улсын павильоноор зочилж, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Энэхүү үзэсгэлэн нь “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд 2018 оноос эхлэн жил бүр БНХАУ-ын Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн цогцолбор танхим буюу 1.5 сая метр квадрат талбай бүхий худалдааны төв, оффис, зочид буудал зэрэг хэсгээс бүрдсэн цогцолборт тогтмол зохион байгуулагдаж ирсэн байна.
Энэ жилийн хувьд “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны оролцогч 64 улс орон өөрийн улсын үндэсний павильон нээн оролцож байгаа юм. Түүнчлэн тус үзэсгэлэнгийн үеэр дэлхийн 154 улс орон, бүс нутгийн нийт 3400 гаруй аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн худалдаалж байна. Эдгээр аж нэгжүүд дунд “Fortune Global-500” жагсаалтад багтсан 289 компани оролцож байгаа юм.