Сүхбаатар дүүргийн нутаг, 32-ын тойргийн баруун урд уулзвар орчмын 10 000 ам метр талбайд 350 машины зогсоол байгуулж байна. Уг ажлыг өнгөрсөн сарын сүүлчээр эхлүүлжээ. Тус газарт мөн дугуйн зам, нийтийн бие засах газар, гэрэлтүүлэг, иж бүрэн камер зэргийг цогцоор нь хийх гэнэ. Энэ байршилд өмнө нь түр саатуулах журмын хашаа байсан бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлж, зогсоол байгуулахаар шийдвэрлэсэн юм. Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзоригоос ажлын явцын талаар лавлахад “Ажил ид үргэлжилж байна.
Нийт 350 машины зогсоол барьж байгаа. Эхний ээлжид авто зогсоолыг ирэх долоо хоногт ашиглалтад оруулах юм. Энэ нь хотын төв рүү чиглэсэн их багтаамжийн загвар зогсоол болохоороо онцлогтой. Цаашдаа өргөтгөж, давхарлан, 1000 машины зогсоол болгох төлөвлөгөөтэй. Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Дархан-Өргөө” хотхон орчмоос “Хүнсний IV” дэлгүүр болон Бага тойруу чиглэл дэх дугуйн болон явган хүний замыг өргөтгөж байгаа. Тус зогсоолд машинаа байрлуулсан иргэд хотын төв рүү алхаад орох боломжтой юм. Одоогийн явган хүний зам нь эвдэрч, тасарсан байгааг засаж шинэчлэн, удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.