НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформ болон Уур амьсгалын Ногоон Сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл хамтран Монгол Улсад анх удаа “Тогтвортой ноолуурын өдөр-2023” форумыг арваннэгдүгээр сарын 13-ний өдөр зохион байгуулна.
Ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний оролцогч талууд болох малчдын төлөөлөл, хоршоод, ноолуурын үйлдвэрүүд, салбарын мэргэжилтнүүд мөн ХХААХҮЯ, БАОЖЯ-ны холбогдох газрын төлөөллүүд оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуй, тогтвортой ноолуурын бодлого, зорилт, сорилтын талаар хэлэлцэж, сайн туршлагыг хуваалцана.
Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 248 000 малчин өрх байгаа нь Монгол улсын нийт өрхийн 20 гаруй хувийг эзэлж байна. Хөдөө аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг малчин өрхийн аж ахуй бүрдүүлдэг. Харин уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой давтамж нь нэмэгдэж буй ган зуд, байгалийн гамшигт үзэгдлүүд малчдын хувьд ихээхэн сорилт бэрхшээлийг дагуулж байна. Усны нөөцийн хомсдол, бэлчээрийн доройтлоос үүдэлтэй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар муудах нөхцөл үүсч байгаа асуудлыг салбарын мэргэжилтнүүд онцлон, хэлэлцэнэ.
“Тогтвортой ноолуурын өдөр-2023” өдрийг угтан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад мөрдөгдөж буй мал аж ахуйн бодлого, тогтвортой ноолуурын стандартыг хангаж тодорхой ахиц дэвшил гаргасан малчид, малчдын байгууллага, хоршоо болон ноолуурын салбарын үйлдвэрлэгчдийг шалгарууна.
Үүнд,
- Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлж буй хоршоо
- Өвлийн бэлтгэл буюу малын тавлаг байдлыг хангасан малчин өрх
- Малын үүлдэр угсаа, түүхий эдийн чанарыг сайжруулсан малчин өрх
- Залуу малчин
- Эрчим хүчний зохистой хэрэглээг нэвтрүүлсэн шилдэг байгууллага
- Усны зохистой хэрэглээг нэвтрүүлсэн шилдэг байгууллага
- Хог хаягдлын менежментийг нэвтрүүлсэн шилдэг байгууллага
- Нийлүүлэлтийн сүлжээг сайжруулсан, малчидтай хамтран ажилладаг байгууллага зэрэг байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж буй салбарын үйлдвэрлэгчид болон малчидтай гэрээ байгуулж хамтран ажилладаг ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахад хувь нэмэр оруулж буй компанийг тодруулах юм.
Энэхүү форумыг ХХААХҮЯ, БОАЖЯ, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй АДАПТ төсөл, Английн Teкстиль Эксчейнж ТББ, Консинее груп компани хамтран зохион байгуулагчаар оролцоно. Үйл ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулах чиглэлээр Монгол Улсын зорилго, зорилтууд болон мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, байгальд ээлтэй бүтээгдэхүүний шаардлага, зах зээлийн эрэлт хэрэгцээ, ач холбогдлын талаар хэлэлцэх юм.