Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тэрбээр “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагаас 10 сая төгрөгийн хахууль нэхсэн хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Өөрөөр хэлбэл, эл хэмжээний мөнгө өгвөл компанийг нь шалгаруулна, үгүй бол хаслаа гэх байдлаар хясан боогдуулж хахууль нэхсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Батцэцэг хүнээр дамжуулж авчирч өгөхийг шаардаж байсан хэрэгт буруутгагдаж буй юм.