Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг “ДЦС-3”, “Амгалангийн дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөлийн барилга угсралтын талбайд ажиллав. “ДЦС-3”-ын өвлийн бэлтгэл хангах ажил өдгөө 96 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Авлага, өглөг нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад буурсныг тус станцынхан дурджээ. 2023-2024 оны өвлийн оргил ачааллын үед нөөц тоноглолгүй ажиллах бөгөөд дулааны эрчим хүчний түгээлт суурилагдсан хүчин чадлаас давах, зарим үндсэн тоноглол хэт өндөр насжилттай болсон тул зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн аж. Мөн ОХУ, Украины дайнаас шалтгаалж тоног төхөөрөмжийн сэлбэг материалын хомсдол үүсэн, үнэ нь нэмэгдсэн зэрэг асуудал тулгамдаж байгаа гэнэ.
Улаанбаатарын зүүн бүсийг дулааны эрчим хүчээр хангадаг Амгалангийн станцыг 116 МВт-ын хүчин чадалтай зуухаар өргөтгөх ажлын гүйцэтгэл 76 хувьд хүрчээ. Төслийн барилга угсралтын ажлыг 2024 оны долоодугаар сард дуусгахаар төлөвлөсөн ч хүсэлтийн дагуу ирэх арванхоёрдугаар сард сүлжээнд залгахаар уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж буйгаа гүйцэтгэгч БНХАУ-ын “Хунан индастриал экүйпмент инсталэйшн” ХХК-ийнхан хэлсэн байна. Ингэснээр байгаль орчинд сөрөг нөлөө багатай дэвшилт технологийн ус халаалтын нэг зуухаар өргөтгөж, Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын, дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад оруулах орон сууцын хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах аж.
Бэлтгэсэн: Б.Сонор