Бодлогын залгамж халаагүй, нэгдмэл зорилго, үзэл баримтлалгүй, ирээдүйн талаар таг харанхуй төсөөлөлтэй өнөөгийн Улаанбаатарыг бий болгоход нийслэлийн үе үеийн удирдлага үнэтэй “хувь нэмэр” оруулсан. Тэд хотын даргын албан тушаалд томилогдсон цагаасаа шинэчлэлийн салхи оруулах нэрээр өөрсдийн “вант улс”-аа байгуулж, өмнөх удирдлагуудын санаачилсан, хэрэгжүүлж байсан ажлуудыг таслан зогсоож, төрийн бодлогын залгамж халааг алдагдуулдаг. Улаанбаатарт хөгжлийн тогтвортой бодлого, төлөвлөгөө хэрэгждэггүй ч удирдлагуудынх нь тогтоосон уламжлал, жишиг гэмээр ийм муухай үзэгдэл амь бөхтэй оршсоор ирлээ. Өнөө ч ийм үйл явдал үргэлжилж байна. Нийслэлчүүдийн толгойн өвчин болсон түгжрэлийг бууруулах шийдвэр, санаачилгуудаас үүнийг тодоор харж болно.
Түгжрэл Улаанбаатарын тулгамдсан асуудал болсон цагаас нийслэлийн удирдлагууд бүгд л хотын нийтийн тээвэрт шинэ төрлийн хэрэгсэл нэвтрүүлэх төсөл, хөтөлбөр санаачилсан. Э.Бат-Үүл метро, С.Батболд тусгай замын автобус (BRT), С.Амарсайхан дүүжин тээвэр, Д.Сумъяабазар хөнгөн галт тэрэг (LRT) нэвтрүүлэхээр санаачилж байв. Тэд бүгд л хотын нийтийн тээврийг хэзээ мөдгүй шинэчилж, улаанбаатарчуудыг зовлонгоос нь ангижруулах юм шиг амбицалж, санаачилсан төсөл, хөтөлбөрөөрөө овоглуулах хэмжээнд сурталчилж, судалгаа, тооцоо хийх, бэлтгэл хангах нэрийдлээр төсвийн мөнгөөр тоглосон. Хачирхалтай нь, эдгээрээс нэг нь ч бодит ажил болоогүй, амжилттай хэрэгжээгүй. Өмнөхийнхөө сэдсэн, хэрэгжүүлэхээр зэхэж байсан ажлуудыг дараагийн хүн нь “чагталж”, нураасаар өнөөдөр нийслэлчүүдэд хүрэлцээгүй, хүйтэн, халтар автобуснаас өөр сонголт бий болгож чадсангүй. Энэ хугацаанд нийслэлийн түгжрэл улам гаарч, иргэд цаг хугацаа, сэтгэл зүй, эдийн засгийн үнэлж баршгүй их хохирол амслаа.
Одоо ч хохирсоор байна. Уржигдар гэхэд Улаанбаатар хот даяар тэг зогсолт болж, иргэд авто зам дээр олон цаг гацлаа. Уг нь өдийд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амарч буй учраас замын ачаалал тэр хэрээр “шингэрэх” ёстой ч бодож, төсөөлсөн шиг байсангүй. Энэ нь Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрөл туйлдаа хүрсний, шийдвэртэй арга хэмжээ авахгүй л бол цаашид улам дордохын дохио сануулга юм. Гэтэл нийслэлийн шинэхэн Засаг дарга Х.Нямбаатар өмнөх удирдлагуудынхаа нэгэн адилаар иргэдээ хааж боохыг урьтал болгож, “Төлбөртэй бүс тогтооно”, “Хотын төвийн хөдөлгөөнийг хязгаарлана” хэмээн амьдралгүй зүйл ярьж байна. Мөн Д.Сумъяабазарын санаачилсан, БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээ хийгээд байсан гэх хөнгөн галт тэрэгний төслийг уламжлал ёсоор “сарниулж”, оронд нь метро барих санаачилга гаргаатахлаа. Нийслэлд гурван шугам бүхий метро барих төслийг ирэх онд эхлүүлэхээр тооцоо, судалгаа хийж, өмнөд хөршийн төрийн өмчит компаниар үүнийг гүйцэтгүүлэхээр хэлэлцэж буй юм байх.
Уг нь бидэнд энэ сонголтыг эрт хийж, өнөөгийн асуудал, бэрхшээлүүдийг тойрох боломж байсан. Нийслэлийн удирдлагууд барьж авсан ажлынхаа ард гардаг, бодлого, төлөвлөгөөгөө ягштал баримталдаг байсан бол улаанбаатарчууд аль хэдийн метротой болчих байв. Э.Бат-Үүл 2012-2016 онд хотын даргаар ажиллахдаа Улаанбаатарт метро барих санаачилга гаргаж, холбогдох тооцоо, судалгааг маш чамбай хийлгэсэн юм билээ. Түүгээр ч зогсохгүй түгжрэлийг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын доторметро, төмөр замын шугам байгуулах зэргийг оруулж, нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулж байжээ. Харамсалтай нь, түүнийг ажлаа өгөхтэй зэрэгцэн энэ санаачилга нуран унасан юм.
Гэтэл үүнээс 10 гаруй жилийн дараа, нөхцөл байдал тартагтаа тулсан хойно “Нийслэлийн түгжрэлийг шийдэхийн тулд метро барихаас өөр аргагүй” хэмээн ярьж байгаа нь дэндүү харамсалтай. Магадгүй тухайн үед метро байгуулсан бол газар чөлөөлөлт, бүтээн байгуулалтад одоогийнхоос хэд дахин бага хөрөнгө зарцуулах байсан болов уу. Харин өдгөө үүнийг асар өндөр өртгөөр худалдаж авна. Гэвч давын өмнө метроны шугам барьж чадах уу гэдэг нь асуудал. Х.Нямбаатар гэрээ хэлцэл хийж, ажлыг нь эхлүүлэхийг үгүйсгэхгүй ч дуусгаж чадах, эсэх нь эргэлзээтэй. Түүний дараагийн мээр өөр нэг тээврийн хэрэгсэл яриад “гараад ирэх”-ийг ч байг гэхгүй. С.Амарсайхан нийслэлийн хоёр чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлэхээр Францын талтай гэрээ, хэлцэл хийж, гадаадын гүйцэтгэгч компанид төлбөр мөнгийг нь шилжүүлээд байтал төсөл нь замхарсан. Түүний ажлыг залгамжилсан Д.Сумъяабазар “Газар чөлөөлөлтийн асуудлаас болоод дүүжин тээврийн төсөл бүтэлгүйтсэн” гэдэг тайлбар өгсөн ч тэрбээр хотын даргаар ажиллах хугацаандаа хөнгөн галт тэрэг, усан замын тээвэр ярьсаар байгаад л суудлаасаа буусан юм даг. Мөн “түгжрэл”-ийн сайдтай хамтран нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхээр зүтгэсэн ч хуучин, чанарын шаардлага хангахгүй “хаягдал” автобус шахсан хэрэгт буруутгагдаж, суудлаасаа огцорсон билээ. Хотын бодлого, тэр дундаа түгжрэлийг бууруулах ажлууд ийм л байдлаар үргэлжилж байгаа. Энэ бүхний төлөөсийг нийслэлчүүд өдөр тутам төлсөөр.
Хот төлөвлөгч, архитектор, инженер, тээврийн салбарын мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Бүтээлч-100” холбоог үүсгэн байгуулагч, урбанист Э.Золзаяа “Сүүлийн үеийн хотууд маш ухаалаг, алсын хараатай концепц дэвшүүлдэг болсон. Иргэд нь наад захын буюу өдөр тутмын үндсэн хэрэгцээгээ богино хугацаанд, саад бэрхшээлгүй зорчин хангаж чаддаг байх аюулгүй, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тэд хоорондоо өрсөлдөж байна. Харин Улаанбаатарын удирдлагуудад ийм алсын хараа, амбиц алга. Тэд түгжрэлийг бууруулахыг тээврийн хэрэгсэлтэй тэмцэх гэж ойлгодог. Үүний оронд “Иргэд яагаад машин унаад байна вэ” гэдгийг ул суурьтай судалж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулан, хотын төвд чихцэлдэн байрласан худалдаа, үйлчилгээг задлах замаар төвлөрлийг сааруулах хэрэгтэй” хэмээн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсаныг энд онцолъё.
Нэг саяас дээш хүн амтай, улсынхаа нийгэм, эдийн засгийн төв цэг болсон хотыг метрополис гэж тодотгодог. Энэ шалгуур ёсоор Монголын нийслэл Улаанбаатар метрополис хотын статуст шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч ингэж хүлээн зөвшөөрөгдсөн томоохон хотуудад зайлшгүй байдаг тогтвортой бодлого, концепц гэдэг зүйл Улаанбаатарт алга. Аливаа суурин газарт саяас дээш тооны хүн ам төвлөрөөд ирэхээр цаг хугацааны эрхээр олон асуудал, бэрхшээл аажмаар үүсэж эхэлдэг. Хүн ам өсөхийн хэрээр элдэв эрсдэл бий болдог гэсэн үг. Иймд эмх цэгцтэй төлөвлөлттэй, эрсдэлийн “дархлаа”-тай, иргэдэд ээлтэй, аюулгүй хотыг цогцлоон хадгалахын тулд улс орнууд өөрийн орны онцлог, хууль, тогтоомжид нийцүүлэн урт, богино, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөгөө, үзэл баримтлалыг боловсруулан хэрэгжүүлдэг юм. Харин 1.5 сая хүн амтай, метрополис хэмээх тодотгол зүүсэн өнөөгийн Улаанбаатар энэ жишгээс гажуу замаар явсаар өнөөдрийг хүрлээ.
Уг нь нийслэлд баримт бичгээс их зүйл үгүй. Хотыг хөгжүүлэх төлөвлөгөө, хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг тодорхой хугацааны давтамжтайгаар баталдаг. Яг одоо гэхэд “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” хүчин төгөлдөр буй. Нийслэлийн удирдлага солигдсон ч хотын бодлого, хөгжлийн төлөвлөгөө, үзэл баримтлал тодорхой хугацаанд үе залгамжлан үргэлжлэх ёстой. Хамгийн тогтвортой, туйлбартай байх ёстой зүйл нь энэ. Нийгэм, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой шийдвэрүүдийг гаргаж болох ч тэр бүхэн нь ерөнхий бодлого, төлөвлөгөөтэйгөө уялдах учиртай. Гэтэл хотын удирдлагууд бодлогогүй, ухвар мөчид байдлаараа энэ зарчмыг алдагдуулав. Нийслэл дэхтүүхэн барилгуудыг толгой дараалан нурааж байгаа нь ч хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалтай харшиж буйг мэргэжлийн хүмүүс энэ цаг үед хөндөж байна. Харин хотын дарга Х.Нямбаатар тэдний үгийг үг гэж тоосон шинжгүй “Нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг энэ онд багтаан өргөн барина” хэмээн том дуугарч сууна. Хотыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөөг үл хэрэгсээд зогсохгүй дураараа өөрчлөн засдаг жишгийг тэрбээр тогтоох бололтой.