БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны сүүлийн цуврааны бүрэлдэхүүн өнөөдөр эх орондоо ирлээ.
Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлж, Монгол цэргийн нэр хүндийг өндөр өргөж, тэсвэр хатуужил, сахилга батаараа гайхагдсан залуусын төлөөллийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч хурандаа Ж.Молорболд нарын удирдлагууд угтан авч, баяр хүргэлээ.
Бригадын генерал Ж.Өсөхбаяр “Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн дэлхий дахинд Монгол цэргийг дахин таниулсан дайчиддаа баяр хүргэе. НҮБ-д цэрэг хандивлагч улс орнуудын энхийг сахиулагчдын дунд бахархал, үлгэр дуурайлал болж мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх байдлаараа манлайлагч нь байсан Та бүхнээр бахархаж байна” хэмээгээд эх орондоо тавтай морилохыг урилаа.
Цэргийн багийн захирагч хурандаа Н.Эрдэнэбаярын сэтгэгдлийг хуваалцахад "Эх орондоо эрхэм дайчдынхаа хамт ирсэндээ баяртай байна. Эх орныхоо нэр хүндийг дэлхий ертөнцөд дуурсган, эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтөний амар амгалангийн төлөөх үйлсэд нэр төртэй зүтгэсэн цэргийн багийнхандаа болон хайртай гэр бүлийнхэнд нь баярласнаа илэрхийлье" гэлээ.
Ахмад Д.БОЛОР, гэрэл зургийг О.МӨНХБАТ