Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт Тээврийн долоо хоног үргэлжилж байна. Тухайлбал, өнөөдөр “Олон Улсын форумын дөрөв дэх өдөр Азийн бүсийн өндөр түвшний 2 дахь удаагийн яриа хэлэлцээ”, “Чөлөөт агаарын зай” гэсэн 2 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж буй.
Монгол Улсын Засгийн газар нь “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд агаарын тээврийн либералчлалыг дэмжиж чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн тоо, зорчигч, ачаа тээврийн хэмжээг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх зорилтын хүрээнд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг идэвхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа нь бидэнд тодорхой үр өгөөжийг өгч байна.
Тухайлбал 20 жилийн турш зөвхөн яриа, төслийн түвшинд байсан “Агаарын тээврийн тухай Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг энэ оны 8 дугаар сард байгуулсан, ингэснээр манай улс Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдэж, нислэгийн давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлсэн. Монгол Улс нийт 42 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй, 116 нислэгийн цэг сонгосон, үүнээс 2023 онд нийт 24 улс руу нислэг үйлдэж байна.
Мөн сүүлийн жилүүдэд цар тахал болон валютын ханш, инфляц, үнийн өсөлтөөс шалтгаалан буураад байсан орон нутгийн нислэгүүдийг сэргээн, тийзийн үнийг 2 дахин буурсан. ”Чөлөөт агаарын зай” нь нислэгийн үйл ажиллагааны болон эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, агаарын тээврийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахад чиглэсэн, агаарын зайн багтаамж, аюулгүй байдлыг сайжруулж, бүс нутгийн харилцан уялдаатай агаарын зай, агаарын замын бүтэц, сүлжээг бий болгох бидний хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг илэрхийлж байна.