Хөвсгөл аймгийн ЗДТГ, МИАТ ТӨХК орон нутгийн аялал жуулчлалыг дэмжиж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Хөх сувдын орноор аялах сар” урамшууллын хөтөлбөр зарлажээ. Үүний хүрээнд МИАТ ТӨХК Монгол орны хоймор нутаг руу энэ сард зорчих иргэдэд хоёр төрлийн урамшуулал санал болгож буйаж. Найз нөхөд, хамт олноороо явж буй хүмүүсийг “3+1” хөтөлбөрт хамруулж, дөрвөн хүн тутмын нэгийг нь тийзийн үнээс чөлөөлөх гэнэ. Мөн насанд хүрсэн хоёр хүнтэй хамт зорчих 1-2 хүүхдийг үнэгүй явуулахаар болжээ. Урамшуулалд хамрагдсан хүмүүс зөвхөн үйлчилгээний такс буюу нисэх буудлын хураамж төлөх нь. Улаанбаатар-Мөрөн чиглэлийн нислэгээр нэг талдаа зорчих үнэ өдгөө 194 000 төгрөг буй бол хоёр талынх нь 381 500 байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл