Иргэд гадаадын улсын виз мэдүүлэхдээ төрийн байгууллагаас дунджаар 4-8 төрлийн лавлагаа авдаг байна. Жишээ нь, монголчуудын хамгийн их зорчдог БНСУ, Шенгений орнуудын виз мэдүүлэх иргэд гэрлэлтийн, нийгмийн даатгалын, иргэний үнэмлэхийн, төрсний бүртгэлийн зэрэг найман төрлийн лавлагааг төрийн байгууллагуудаас авдаг гэнэ. Тэгвэл эл зохицуулалтыг халж, иргэд лавлагаа, мэдээллээ тухайн виз мэдүүлгийн байгууллагаасаа авах боломж бүрдүүлснээ Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, иргэд виз мэдүүлэхдээ төрийн байгууллага руу явахгүй, ТҮЦ машин болон “E-Mongolia” системээс лавлагаа авах гэж цаг алдахгүй болох нь. Үүний хүрээнд БНСУ-ын виз мэдүүлгийн үйлчилгээний байгууллага болох “Chingiss journey” компанид lavlagaa.e-mongolia.mn систем нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд гадаад улсын виз мэдүүлэхдээ өөр тийш явж, түгжрэлд орж, дараалалд зогсон цаг алдахгүй нь. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд виз мэдүүлгийн бусад байгууллагад дээрх lavlagaa. e-mongolia.mn системийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцоход зориулсан энэхүү системийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээсэн юм. Одоогоор төрийн болон хувийн хэвшлийн 15 байгууллагын 87 үйлчилгээг уг системд нэвтрүүлээд байгаа гэнэ.