Увс аймгийн Сагил сумын V багийн нутагт байшин шатаж, нэг хүн амиа алдсан осол өчигдөр гарчээ. Иргэн Б-ийн эзэмшлийн, 9х10 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж, тэрбээр галд өртөж эндсэн байна. Гал гарсан талаарх мэдээлэл холбогдох байгууллагынханд 00.30 цагийн үед иржээ. Тухайн нутаг нь төвөөс алслагдсан тул аймгийн Онцгой байдлын газрын харьяа Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн таван алба хаагч 61 км зам туулан, 02.00 цагийн үед очсон аж. Тэд сумын холбогдох байгууллагынхантай хамтран байшингийн хана, дээврийн хэсэгт задаргаа хийж, дөрвөн цаг орчим ажиллаж галыг бүрэн унтраажээ. Түймрийн шалтгааныг тогтоохоор өдгөө холбогдох албаныхан ажиллаж буй юм байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн хүрээний түймэр гарах нь ихэссэн тул иргэд, айл өрхүүд галын аюулгүй байдлаа хангахыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Мөн гэртээ бензин, шатах тослох материал хадгалахгүй байх, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө. Үүнээс өмнө галын улмаас долоон хүн амиа алдсан харамсалтай осол Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн сарын 26-нд гарсан юм.
Бэлтгэсэн: М.Оч