Монгол Улсын гадаад худалдааны энэ оны эхний 10 сарын статистикийг Гаалийн ерөнхий газраас танилцуулав. Эл хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 20.03 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.89 тэрбум буюу 16.9 хувиар нэмэгджээ. Экспортын дүн импортынхоос 4.91 тэрбум “ногоон”-оор давсан аж. Манай улс 1-10 дугаар сард 12.47 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь 2022 оны мөн үеийнхээс 24.3 хувиар өссөн дүн болов. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 10.71 тэрбум (85.9 хувь), сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 659.9 (5.3), нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 408.3 сая ам.долларыг (3.3) нь эзэлжээ.
Дээрх хугацаанд 79 оронд бараа нийлүүлснээс 90.8 хувь нь БНХАУ, 4.5 нь Швейцар, 1.1 нь БНСУ-д ногдсон байна. Тэгвэл эхний 10 сард 7.55 тэрбум “ногоон”-ы бараа, түүхий эд импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 458.5 саяар буюу 6.5 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Импортолсон барааны дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.45 (19.3 хувь), эрдэс бүтээгдэхүүн 1.71 (22.7), авто, агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 1.37 тэрбум (18.2), үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 735.6 (9.7), химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 414.2 саяыг (5.5) нь эзэлсэн дүн гарчээ. 157 орноос бараа авснаас БНХАУ-д40.3, ОХУ-д25.7, Японд7.8, БНСУ-д4.5, АНУ-д 3.2 хувь нь ногдлоо.
Бэлтгэсэн: Б.Сонор