"Нүүрсний" гэх хэргийн хүрээнд шалгасан, төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал асан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж шийдвэр гарчээ.
Өнгөрсөн долоо хоногт тэднийг хахууль авч, өгсөн гэм буруутайд тооцсон билээ. Тодруулбал, Т.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 22.4-2-т заасан хясан боогдуулах замаар бусдаас хахууль авсан, дэд захирал Б.Жаргалсайхан, Б.Баттулга, Б.Пунцагбалжир нарыг эл зүйл заалтаас гадна, 18.6-1-ийн мөнгө угаасан, Т.Бүрэнбадрах, П.Энхтүвшин нарыг мөн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн.
Тодруулбал, Т.Мөнхбаяр эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгохын тулд ихээхэн хэмжээний хахууль хясан боогдуулж авсан хэрэгт холбогдсон юм. “Эрдэнэс силвер ресурс” компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б.Баттулга нартай бүлэглэн Тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй аж.
Тус шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Б.Жаргалсайхан, Б.Баттулга, Б.Пунцагбалжир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хэргийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Т.Мөнхбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 27 000 000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Жаргалсайханд нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 27 000 000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Баттулгад нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 10 000 000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Пунцагбалжирт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 5 400 000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч П.Энхтүвшин, Т.Бүрэнбадрах нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 4 000 000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.