Өнөөдөр Ногоон автобусны хэргийг шалгах Ардчилсан Нам(АН)-ын ажлын хэсгээс мэдээлэл хийж, “Тэнүүн-Огоо” ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 82 тэрбум төгрөг алдагдсан асуудлыг хөндлөө. Өөрөөр хэлбэл, нийт 317.9 тэрбум төгрөгөөр 816 автобус авах шууд гэрээг хийжээ. Үүнд, 606 ширхэг том оврын дизель хөдөлгүүртэй автобус, 50 ширхэг дунд оврын каунти, 160 ширхэг цахилгаан автобус, 41 ширхэг цахилгаан автобусыг цэнэглэх цэнэглэгч орж байна. Гэтэл 2022 оны арванхоёрдугаар сард хийсэн гэрээнд 2023 оны хоёрдугаар сарын 10-нд өөрчлөлт оруулж, нийт худалдан авах автобусны тоо 810 болж буурсан. Өөрөөр хэлбэл, 606 ширхэг том оврын дизель хөдөлгүүртэй автобусны тоо 600 болж, 6 автобус хасагдсан ч нийт үнийн дүнд ямар ч өөрчлөлт ороогүй байна.
Ардчилсан Намын гишүүн Ц.Уянга "Тэнүүн-Огоо ХХК-д нийт шилжүүлсэн мөнгө нь 134.5 тэрбум төгрөг байна. Тус мөнгийг Сангийн яамнаас Д.Сумъяабазар даргын хүсэлтээр санхүүжилт хийх эрхийн дагуу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл 317.9 тэрбум төгрөгийн төсвийн багцын 42 хувь нь тус компанид шилжсэн байна гэсэн үг” гэлээ.
Харин 134.5 тэрбум төгрөгийг хүлээж авсан "Тэнүүн-Огоо" ХХК нь нийтийн тээврийн газарт дараах байдлаар нийлүүлэлт хийсэн мэдээллийг өгсөн байна.
Тодруулбал,
- 20 дизель хөдөлгүүртэй том оврын автобус
- 55 цахилгаан хөдөлгүүртэй том оврын автобус
- 50 дунд оврын автобус
- 12 цэнэглэгч нийлүүлсэн.
Дээрх нийлүүлэлтийн нийт үнэ 53 тэрбум төгрөг орчим болж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэрээний урьдчилгаа гэж шилжүүлсэн 30 хувь болох 81.6 тэрбум төгрөг хаашаа зарцуулагдсан нь тодорхойгүй байна. Мөн хилээр орж ирсэн хуучин 100 автобустай холбоотой ямар ч материал ирүүлээгүй, санхүүжсэн нь тодорхойгүй байгаа юм.