Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багийн нутагт байрлах “Тэс Петролиум” ХХК-ийн 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав дэлбэрч, гурван хүн эндсэн. Эл хэргийн шүүх хурал Дархан-Уул аймагт болжээ. Тодруулбал, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.З, Г.Б, Б.С нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх өнгөрсөн есдүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Ж.З, Б.С, Г.Б нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас шатахуун хадгалах 2000 тонн саванд гал гарч ажил үүргээ гүйцэтгэж байсан Ө.Н, Н.О, Ц.Д нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх хэргийг хянан хэлэлцэв. Ингээд шүүгдэгч Б.С, Г.Б нарыг хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзаж шүүгдэгч Г.Б, Б.С нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Ж.З-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн талаар эргэн сануулахад, дээрх ноцтой дэлбэрэлт 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нд гарсан. Онцгой байдлынхан 2022 оны арванхоёрдугаар сарын 2-ны орой болтол 24 цаг ажиллаж, 372 тн-ыг 40 тн-ын 9 автоцистернээр соруулж, тухайн компанийн хашаанаас гаргасан бөгөөд цагдаагийн хамгаалалтанд авсан. Улмаар тухайн саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулж, Д,О, Н нарын цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байдаг.