Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын ЗДТГ дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК хамтран арваннэгдүгээр сарын 10-ны өдөр амьд малын төвлөрсөн арилжаа зохион байгуулна. Эмээлт төвөөс 10 км-т байрлах “Ложистикийн төв”-д зохион байгуулагдах тус арилжаанд бүх төрлийн мал арилжих юм. Хөдөө аж ахуйн бирж малчид, хоршоодын арилжаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх үүднээс тээврийн зардлын тодорхой хөнгөлөлтийг олгоно. Малчид багийнхаа Засаг даргын тодорхойлолтоор тус хөнгөлөлтийг авна.
Өнөөдрийн байдлаар гурван аймгийн долоон сумаас 700 гаруй тоо толгой малын бүртгэл хийгдэж, 10 гаруй үйлдвэр, аж ахуй нэгж байгууллага арилжаанд оролцохоо мэдэгдээд байна. Мөн Биржийн төвлөрсөн арилжаанд оролцох малчин, үйлдвэр аж ахуйн нэгж, малын тоо хэмжээний бүртгэл явагдаж байна. Амьд малын төвлөрсөн арилжааны үеэр малчдын хүсэлтээр малын тэжээлийн худалдаа зохион байгуулагдах юм.