2023 онд Монгол Улсын хувьд шинэ төрлийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглалтад оруулах томоохон төслийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурын гүйцэтгэл 96.5 хувьтай байгаа аж. Зарим төрлийн туршилтуудыг эхлүүлж, арваннэгдүгээр сарын 20-ны өдөр техникийн комисс ажиллуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Барилга угсралтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахад анхаарах, Батарей хуримтлуурыг системд залгахтай холбоотой Реле хамгаалалтын автоматик /РХА/ -ийн тавилын тооцоо, сэлгэн залгалтын үлгэрчилсэн программ боловсруулах гэх мэт шаардлагатай баримт бичгийг боловсруулах даалгаврыг “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-д салбар яамнаас өгсөн байна. Мөн EPC гүйцэтгэгч 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцын өргөтгөлийн ажилд арваннэгдүгээр сарын 10-нд техникийн комисс ажиллуулахтай холбоотой РХА болон HMI төхөөрөмжийн тохиргоо хийх, М-Акт бүрдүүлэх ажлыг дуусгахыг тус тус үүрэг болголоо.
Хуримтлуурын төсөл нь дэлхийд томоохонд тооцогдохуйц 80МВт суурилагдсан хүчин чадалтай, 200МВт.цагийн багтаамж бүхий Литиум-Ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 220/110/35кВ-ын “Сонгино” дэд станцад холбох юм. Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80МВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулах, хүчдэлийн давтамж тохируулга хийх, Дулааны цахилгаан станцуудыг “0” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний нэгдсэн системд үзүүлэх юм.