Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Лаос, Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Бунхкуанг Камбунхөанг тэргүүтэй Монгол Улсад их, дээд сургууль төгссөн лаос төгсөгчдийг хүлээн авч уулзжээ.
БНАЛАУ-аас Монгол Улсад 1976 оноос эхлэн нийт 130 гаруй оюутан суралцаж төгссөн бол өнөөдрийн байдлаар 59 оюутан Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж байна. Тухайлбал, Лаос, Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Бунхкуанг Камбунхөанг нь 1977-1983 онд Монгол Улсын Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцаж төгсжээ. Тэрбээр 2016 оноос БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Уулзалтын үеэр лаос төгсөгчид Монгол Улсад өнгөрүүлсэн он жилүүдээ дурсаж, төгссөнөөс хойш олон жилийн дараа Монгол Улсад зочлохдоо ажигласан өөрчлөлт, шинэчлэлтийн талаар хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлэв.
Харин Монгол Улсаас БНАЛАУ-ын Үндэсний их сургуульд нийт 20 монгол оюутан суралцаж байгаагаас зургаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байна.