Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг салбарын өвлийн бэлтгэл хангах хүрээнд “ДЦС-2”, “ДЦС-4”, “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуур”-ын төслийн талбайд ажиллажээ. ДЦС-уудын дээрх бэлтгэл хангах ажил хуваарийн дагуу үргэлжилж буй бөгөөд “ДЦС-4”-ийнх 98, “ДЦС-2”-ынх 96 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үлдсэн ажлуудыг нь хуваарийн дагуу энэ сарын 15-ны дотор дуусгах гэнэ. Тэгвэл эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурын төслийн гүйцэтгэл 96.5 хувьд хүрчээ. Зарим төрлийн туршилтыг нь эхлүүлж, энэ сарын 20-нд техникийн комисс ажиллуулахаар төлөвлөж буйгаа төслийн нэгжийнхэн болон гүйцэтгэгч компаниас нь илэрхийлсэн байна. Тодруулбал, 80 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт/цагийн багтаамж бүхий литий-ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцад холбох юм. Энэ нь оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэлх эрчим хүч нийлүүлж, импортыг бууруулах, хүчдэлийн давтамж тохируулга хийх зэрэгт нөлөөтэй аж.
Бэлтгэсэн: Б.Сонор