Амьд малын дуудлага худалдааг ирэх баасан гарагт эхлүүлэх тухай “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас мэдээллээ. Малын төвлөрсөн арилжааг ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын ЗДТГ хамтран “Эмээлт” захын ойролцоох ложистикийн төвд 09.00 цагт зохион байгуулах аж. Өдгөө тус биржийн арилжааны дүнгийн дийлэнх нь ноолуурт ногдож буй юм. Тухайлбал, дээрх бирж өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт таван удаагийн цахим арилжаа зохион байгуулан 90 хэлцлээр 18.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд борлуулсан байна. Энэ хугацаанд ямааны угаасан ноолуур 40 тонныг 16.8, тосны ургамал 836 тонныг 1.3 тэрбум, хонины ноос 180 тонныг 290 сая төгрөгөөр худалджээ.
Эргэн сануулахад, “Хөдөө аж ахуйн бирж”, Монголын махны холбоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байв. Улмаар мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын дагуу бэлтгэсэн мал, махыг малчид, хоршоодоос мал төхөөрөх үйлдвэрт биржээр дамжуулан арилжих, цахим дуудлага худалдаа зохион байгуулах, мал, мах худалдах жишиг үнийн мэдээллийг гаргаж байх, махны экспортын нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон билээ.
Бэлтгэсэн: Б.Сонор