Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум өнөөдөр "Төмөр замын салбар"-ын хуралдаанаар үргэлжилж байна. Салбар хуралдаанаар Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж, Дэлхийн төмөр замын салбарын хөгжил, чиг хандлага, Хүнд даацын төмөр замын дэвшилтэт технологи, Монгол Улсын төмөр замын салбарт тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Хил холболтын төмөр замууд баригдаж, шинэ гарцууд нээгдсэнээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэх тооцооллыг салбар яамнаас гаргажээ. Тодруулбал, 2019-2023 онд шинээр 905 км төмөр зам барьж, Монгол Улсын төмөр замын сүлжээ нийт 2.020 км болон өргөжжээ. 2019 онд ганцхан төмөр замын төв коридороор 28,2 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2023 оны байдлаар шинэ төмөр замуудын туршилтын тээвэрлэлтүүдийг эхлүүлж, 37.7 сая ачаа тээвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Монгол Улс БНХАУ-тай төмөр замаар Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан боомтоор холбогдож байсан бол өнөөдөр Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг шинээр холбох ажлыг амжилттай эхлүүлж Хятадын талтай тохирчээ. Цаашлаад Ханги-Мандал, ОХУ-тай Арцсуурь-Цагаантолгой зэрэг дараагийн шинэ гарцуудыг нээхээр Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам онцгой анхааран ажиллаж байна.Ингэснээр бид төмөр замын 5 шинэ гарцтай болж, хил холболтын төмөр замууд баригдаж, шинэ гарцууд нээгдэх юм.