“Өнөөдөр автобус удаан хүлээгээгүйдээ үнэхээр баяртай байна” гэж шахцалдсан олны дунд зогсох хоёр охин ярьж байлаа. Монголын, ялангуяа Улаанбаатар хотынхны хувьд тулгамдсан асуудал залуу үеийнхний өдөр тутмын амьдралд ийм л нөлөө үзүүлж байна. Автобус удаан хүлээхгүй байх, шахцалдсан ч хамаагүй түүнд багтаж суух нь монгол хүүхэд, залуусын хувьд азтай явдал болтлоо нийгэм доройтсон нь энэ. Уг нь автобусаар саадгүй, аюулгүй зорчих зэрэг нь иргэдийн наад захын хэрэгцээ байх ёстой. Гэтэл манай хот ийм нөхцөлийг ч бүрдүүлж чадахгүйд хүртлээ арчаагүйтэж байгааг хүүхдүүдийн ярианаас ойлгож болно.
Z үеийнхний олон нийтийн сүлжээнд хөтөлдөг, дагадаг цахим хуудсанд дээрх зургийг байршуулжээ. Нийгмийн суурь асуудлууд залуучуудын нүдээр ямар харагдаж байгааг үүнээс ойлгож болно. Ерөөсөө автобус удаан хүлээх, арай хийж ирэхэд нь багтаж орох гэж бөөн“ажил” болох нь манайд бараг хэвийн үзэгдэл. Эцсийн зогсоол л биш бол ажил эхлэх, тарах үеэр автобусанд багтаж орох нь нүдний гэм. Ихэнх тохиолдолд үлдэж хоцордог, арайхийн багтлаа ч бөөн хүний дунд шахцалдан, түгжирнэ. Ийм байхад нийтийн тээврийг шинэчилнэ гэж цээжээ дэлдсэн хотын удирдлага нь хэдхэн хуучин автобус авчирчхаад, шинэ хэмээн “шахах”-ыг оролдсон. Эл асуудал нь илрэнгүүт хариуцлага хүлээх нэрээр бүгдээрээ “алга болсон” нь бүр ч гунигтай. Энэ мэтээр дурдаад байвал нийтийн тээвэртэй холбоотой хүндрэл бэрхшээл дуусахгүй.
Монгол хүүхэд, залуучуудын оронд тооцогддог. Хүн амын 38 орчим хувийг 15-40 насныхан эзэлдэг. Тэд ажиллах, суралцах эрч хүч, бүтээмж, цаг хугацаагаа ийнхүү нийтийн тээвэр, авто замд л “зориулж” байна. Тэр хэрээр залуусын хувийн амьдрал, цаашлаад том зургаар нь харвал улс орны хөгжилд бий болох байсан олон боломж алдагдаж байгаа. Улмаар иргэдийн бие болон сэтгэл зүйн эрүүл мэндэд асар их хохирол учирч буй. Тиймээс хот юм бол хот шиг байж, иргэдийнхээ амьдралын суурь хэрэгцээг хангах шаардлагатай. Залуустаа үүнээс арай өөр нийгмийг зураглах боломж олгох ёстой. Автобусны талаар бичих бус, хөгжлийн төлөө бодож сэтгэх нөхцөлийг нь тэдэнд бүрдүүлж өгөх учиртай.
Бэлтгэсэн: М.Оч