Монгол Улсын Засгийн газраас Бүс нутгийн тээврийн нэгдсэн сүлжээнд нэгдэж, Ази Европыг холбосон транзит улс болох томоохон зорилтыг дэвшүүлж ОХУ, БНХАУ-ын холбосон төмөр замын гурван коридорын төслийг эхлүүлжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улс нийт 950 км төмөр замыг шинээр барьсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай экспортын төмөр замын дөрвөн шинэ гарцыг харилцан тохиролцож, бүтээн байгуулалтын ажил ид үргэлжилж байна. Мөн БНХАУ-ын Тяньжин боомтоос гадна Жинжоу, Лянюунган боомтууд, Иран, Пакистан улсуудын далайн боомтыг ашиглах асуудлыг хэлэлцэж байна. 2024 оны төсвийн жилийг Засгийн газраас “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүхэлд нь зориулж байгаа. Монгол Улсын хувьд авто замын 7000 гаруй км үргэлжилдэг “Мянганы зам” төслийг 21 жилийн дараа буюу өнгөрсөн онд амжилттай дуусгасан. Одоо үүний үргэлжлэл болох дараагийн том төслийг эхлүүлнэ. Баруун, зүүн, төв, хангай, говийн гэсэн таван бүс нутагт аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” авто замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлэх гэж байна. Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай авто замаар холбохоор төлөвлөж буй”-г онцлов.
Мөн “Засгийн газраас дэвшүүлсэн “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бодлого, Агаарын тээврийн либералчлалын хүрээнд дэлхийн 42 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 115 цэг рүү нислэг үйлдэх боломж бүрджээ.
Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй олон улсын форум баасан гарагийг дуустал үргэлжлэх бөгөөд Олон улсын тээврийн форум (ITF) -ээс “Азийн бүсийн өндөр түвшний 2 дахь удаагийн яриа хэлэлцээ”-г зохион байгуулна. Гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын 20 гаруй байгууллага, 60 гаруй улсын төлөөлөл, гадаад дотоодын 200 гаруй аж ахуйн нэгжийн 1400 орчим төлөөлөгчид, 200 гаруй хөрөнгө оруулагчид оролцож байна.