“Тавантолгой түлш” компани шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний найман компанийн төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа. Тус компани нь жилд 600 000 орчим тонн шахмал түлш үйлдвэрлэдэг. Түлшний орц, найрлагын 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг бол таван хувь нь барьцалдуулагч бүтээгдэхүүн аж. Ийм барьцалдуулагчийг жилд 25 000 тонныг хэрэглэдэг бөгөөд 50 хувийг нь БНХАУ-аас, үлдсэнийг нь дотоодын үйлдвэрлэгчдээс авдаг юм байна. Тэгвэл ирэх оноос барьцалдуулагч бодисоо 100 хувь дотоодын компаниас авахаа мэдээллээ. Үүний тул дотоодын үйлдвэрлэгчид стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үндсэн шаардлагыг хангах хэрэгтэй гэв. Мөн техникийн тодорхой шаардлагуудыг хангасан барьцалдуулагч бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгтэйг “Тавантолгой түлш”-ээс онцоллоо.