Манай улс барилгын материалынхаа 37 хувийг одоогоор дотооддоо үйлдвэрлэн, үлдсэнийг нь импортолж буй аж. Түүнчлэн дотоодын зах зээлд борлуулж буй материалын 40 гаруй хувь нь чанар, стандартын шаардлага хангадаггүй, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэмээн тооцож байгааг өнгөрсөн сарын эцэст зохион байгуулсан “Барилгын материалын чанар, стандарт” хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд хөндсөн.
“Барилгын материалын чанар асуудалтай шүү. Манайх 2022 оны зун хашаандаа байшин барьсан юм. Бараг бүх материалаа “100 айл”, “Гурвалжин”-гаас авсан. Тасалгаа хоорондын тусгаарлах ханаа сүүлийн үеийн OSB хавтангаар хийсэн. Хавтангаа өнгөлж байгаад замаск тавьсан. Гэтэл шинэ байшиндаа унтаад сэрэхэд л толгой өвдөх болсон. Энэ талаар зарим хүн “Арзгар гадаргуутай OSB хавтанг дотор хананд ашигладаггүй, хортой бодис ялгаруулдаг. Мөн чанаргүй замаск хэрэглэхээр толгой өвдөөд байдаг” гэж хэлсэн.
Тэгээд бид өнгөрсөн зун тэр хавтангаа сольж, тоосгоор тасалгаа гаргалаа. Тоосго нь хавтангаас хамаагүй үнэтэй л туссан” хэмээн нэгэн иргэн ярив. Мөн Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг дахь, 2020 онд ашиглалтад оруулсан орон сууцын эзэн Ц.Мөнхтөр “Манай байр чийгтэй. Агаар сэлгэлт байхгүй. Байрандаа ороод удаагүй л ханын цаас нь хуурч унасан. Заслын ажлынх нь гүйцэтгэл тааруу юм байна гэж бодсон ч айл хоорондын тусгаарлах ханыг чанар муутай, агаар сэлгэдэггүй, бас шороо ч юм уу, бодисын үнэр бүхий чулуун оруулгатай хавтангаар хийсэн юм байна лээ. Хана, таазны уулзвар хэсэг үргэлж мөөгөнцөртэй, чийгтэй, өвөлдөө цантай байдаг. Ийм материалыг лав барилга, орон сууцад ашигладаггүй, зоорь, агуулах барихад л хэрэглэдэг байх” хэмээв.
Манай улс барилгын материалынхаа 37 хувийг одоогоор дотооддоо үйлдвэрлэн, үлдсэнийг нь импортолж буй аж. Түүнчлэн дотоодын зах зээлд борлуулж буй материалын 40 гаруй хувь нь чанар, стандартын шаардлага хангадаггүй, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэмээн тооцож байгааг өнгөрсөн сарын эцэст зохион байгуулсан “Барилгын материалын чанар, стандарт” хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд хөндсөн.
Иргэдийн дунд шалтгаангүйгээр толгой нь эргэх, бие сульдах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илрэх нь нэмэгдсэн нь барилгын материалын чанар муугийнх гэж Шадар сайд хэлж байв. Энэ нь шинэ мэдээлэл биш юм. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд хүнд өвчлөл нэмэгдсэн нь сургууль, цэцэрлэг, дотуур байрны засварыг хичээлийн шинэ жилийн өмнөхөн хийж, хатаж амжаагүй будаг, хорт бодистой орчинд хичээллүүлдэгтэй холбоотой гэж ярьж, маргасаар мөн л удсан. Бас чанаргүй материал, түүхий эдээр барьсан барилгад амьдарч, ажиллах нь хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзэх нь бий. Тэгвэл олон жил ярьж буй энэ асуудалд Барилга, хот байгуулалтын яам хэрхэн хандаж, ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа. Тус яамнаас “Яам болон холбогдох байгууллагаас нь дотоодод үйлдвэрлэдэг барилгын материалын чанарт хяналт тавьдаг.
Харин импортоор оруулж ирдгийг нь бид хянаж, шалгаж чаддаггүй. Хил, гаалиар оруулж ирж буй материал тус бүрийг шинжлээд хянаад байх боломж байхгүй. Гаалийн байгууллага бол тохирлын гэрчилгээг нь шалгаад нэвтрүүлдэг. Гэвч барилгын материал нь тохирлын гэрчилгээтэйгээ таарахгүй байх тохиолдол гардаг. Тиймээс эхний ээлжид Замын-Үүдийн боомтод сорил, шинжилгээний лабораторийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ирэх оны төсөвт уг лабораторийн тоног төхөөрөмж болон суурилуулах зардлыг тусгасан. Хэрэв үүнд шаардлагатай хөрөнгийг баталбал сорил, шинжилгээний лабораторийг бүрэн ашиглалтад оруулна. Ингэснээр чанарын шаардлага хангасан барилгын материал импортолдог болох боломж бүрдэнэ. Одоогоор салбарын яамны зүгээс импортын барилгын материалын чанарт баталгаа өгч чадахгүй” гэв.
Стандарт, хэмжил зүйн газраас төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалтыг барилгын материалын дэлгүүр, захуудад явуулж, хяналт тавьдаг аж. Тус байгууллагаас барилгын материалын чанар, стандартыг хангуулах талаар сүүлийн үед ямар ажил хийж буйг нь тодруулахад нэгэн мэргэжилтэн нь “Бид хамгийн сүүлд хагас сарын өмнө барилгын материалын дэлгүүр, захуудаар шалгалт хийсэн. Шингэн, нунтаг бүтээгдэхүүн тухайн заасан жин, хэмжээндээ хүрч байгаа, эсэхийг шалгасан. Эл шалгалтаас зөрчил илрээгүй, бүтээгдэхүүн нь байвал зохих хэмжээндээ байсан. Түүнээс материалын орц, найрлагад шинжилгээ хийгээгүй. Манай лаборатори барилгын материалын найрлагыг шинжлэх боломжгүй” гэсэн юм.
Тэгвэл барилгын матераил борлуулагчид зарж буй бүтээгдэхүүнийхээ чанарт баталгаа өгч байна уу. Үүнийг тодруулахаар бидний нэрлэж заншсанаар “100 айл” дахь барилгын материалын дэлгүүрүүдээр өнгөрсөн баасан гарагт оров. Тэнд тоос шороо бужигнаж, хүмүүс хөлхөн, барилгын материал, модон эдлэл, элдэв зүйлсийн үнэр ханхийнэ. Байшингийн дотор хана, тавилгын бүх төрлийн модон материал борлуулж, зүсэж бэлдэж өгдөг цех буюу дэлгүүрээр орж, хаанаас материалаа татан авдаг, чанар стандартын бичиг бий, эсэхийг нь тодрууллаа. Цехийн эзэн залуу “Манайх урд хөршөөс төрөл бүрийн хавтан, модон материал, бэлдэц зэрэг 10 гаруй төрлийн бараа оруулж ирж борлуулаад 10 жил болсон.
Худалдан авдаг үйлдвэрийнх нь хаяг, бүтээгдэхүүний үнэ, орц, найрлага зэргийг багтаасан товхимол, танилцуулга бий. Гаалийн бүрдүүлэлтээ хийлгээд, тохирлын гэрчилгээгээ шалгуулаад, татвараа төлөөд журмын дагуу оруулж ирдэг. Түүнээс Монгол дахь лабаротарийн бичиг гэж байхгүй” гэлээ. Зарим модон материалын чанар муу, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бодис ялгаруулдаг гэсэн мэдээлэл байдгийг дурдан энэ талаар цехийн эзнээс тодруулахад “Бид юугаа мэдэх вэ дээ. Худалдан авсан хүмүүс гомдол гаргаж байгаагүй. Модноос болж хүний эрүүл мэнд хохирно гэж байх уу” хэмээн дооглонгуй хэллээ. “100 айл”-д төрөл бүрийн будаг, замаск, өнгө оруулагч бодис зэргийг борлуулдаг Ч.Гантуяагаас бүтээгдэхүүнээ хаанаас оруулж ирдэг, чанарын баталгаа бий, эсэхийг нь лавлалаа.
Тэрбээр “Манайх бүтээгдэхүүнээ ОХУ, БНХАУ-аас авдаг. Өмнөд хөршийн улсын үйлдвэрийн, үнэргүй будаг оруулж ирдэг. Тухайн үйлдвэрүүдээс нь бидэнд материал нийлүүлдэг борлуулагчидтай олон жил харилцаж байна. Монголд гаалийн лабораторид зарим үед бүтээгдэхүүнээс дээж маягаар авч шинжилдэг. Ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй” гэв. Ер нь барилгын материал борлуулж буй хүн бүр тухайн бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг нөлөөгүй, олон жил борлуулсан, юу асууж, юу сураглаж яваа юм гэх байдлаар хариулж, гайхширч, дургүйцэж байв.
Манай улсад сүүлийн 10 жилд жил бүр 13 000-14 000 айлын орон сууц ашиглалтад оруулсан гэсэн статистик бий. Үүн дээр нэмээд олонтооны барилга, байгууламж барин, нийслэл хот цементэн ширэнгэ болсоор. Нөгөөтээгүүр бид орон сууц, оффисын үнэ, байршил, харууц, гадна өнгө үзэмж, тохь тухыг л сонирходгоос аль улсаас оруулж ирсэн, ямар материалаар барьсныг бараг тоодоггүй. Уг нь гэртээ, ажил дээрээ, ер нь хаана ч хүний гараар барьж босгосон барилга, байгууламжид ажиллаж, амьдардаг. Тиймээс ч чанар муутай, стандартын шаардлага хангаагүй, хорт бодисын агууламжтай материал бүхий орчинд байх нь шууд утгаараа эрүүл мэнддээ заналхийлсэн явдал. Барилгын компанийн зүгээс ч, төрийн байгууллагаас ч тухайн барилгын материал, түүхий эдийн чанарын талаар мэдээлж, баталгаа өгч байсангүй, иргэд л ийм хавтан, тийм будаг, замаска хортой, хоргүй хэмээн ам дамжин ярьж, маргасаар олон жил өнгөрлөө.
Гэтэл манай орны импортын бараа материалын 60 гаруйхувийг оруулж ирдэг Замын-Үүдийн боомтод лаборатори барих хөрөнгийг ирэх оны төсөвт арайхийн тусгажээ. Хэрэв зарцуулах хөрөнгийг нь баталбал лабораторитой, үгүй бол шинжилж чадахгүй хэвээр үлдэнэ гэсэн үг. Үүнээс гадна стандарт, чанарын шаардлага хангаагүй барилгын материал нь галд тэсвэрлэх чадвар муутай, уугих, шатах нь амархан байдгийг Онцгой байдлын газраас анхааруулж байв. Тодруулбал, ийм материалаар барьсан байшинд гал дэгдмэгц угаартах нөхцөл амархан үүсэн, түргэн хугацаанд шатаж дуусах магадлал өсдөг байна. Эл асуудал нь мөн л барилгын материалын чанар, стандарт, аюулгүй байдалтай холбогдоно.