Санхүүгийн зохицуулах хороо Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран үнэт цаасны салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ФАТФ-ын зөвлөмж, стандартыг үр дүнтэй биелүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор “Комплаенсын эрсдэлийг удирдахуй” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээл тэр дундаа үнэт цаасны салбарт нийт 608 зохицуулалттай этгээд, хувьцаат компани үйл ажиллагаагаа явуулж байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгох, санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлд бид бодлогын хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна. Хувьцаат компаниудын засаглалын чанарыг сайжруулах замаар санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаандаа хангах, үнэ цэнийг нь нэмэгдүүлэхээр зорьжээ. Үүний тулд санхүүгийн зах зээлд оролцогчид болон иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх асуудал ч чухлаар хөндөгдөнө.
Хэлэлцүүлэгт үнэт цаасны зах зээлд оролцогчдын 80 гаруй төлөөлөл оролцож үнэт цаасны зах зээл дэх комплаенсын эрсдэлийг хэрхэн тодорхойлох, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа, комплаенсын эрсдэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, үнэт цаасны салбарын хууль эрхзүйн орчин, цаашид хийх арга хэмжээний талаар санал солилцжээ.