Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол – Вьетнамын бизнес форумд оролцлоо. Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам, Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан тус форумд монголын талаас 70 гаруй, вьетнамын талаас 80 гаруй, нийт 200 орчим төлөөлөгч оролцсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж бий. Манай орны мал аж ахуйн түүхий эдийн нөөц болох хонь, ямаа, үхэр, адууны арьс, ширийг Вьетнамын дэвшилтэт техник технологитой хослуулан боловсруулах, мөн малын мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн экспортлох хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд бэлэн байгаа”-гаа илэрхийлэв.
Далайд гарцгүй Монгол Улс нь төмөр зам, авто зам болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг гуравдагч хөрш орнуудтай өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг бөгөөд Вьетнамын аж ахуйн нэгжүүдтэй хамтран карго, тээвэр ложистикийн шинэ шийдлүүдийг эрэлхийлж байна.
БНСВУ-ын Шадар сайд Чунг Луу Куанг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал, Бизнес форумын өргөн оролцоо нь хоёр талын улс төрийн харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаа болгон өргөжүүлж, харилцааны цоо шинэ хуудас нээж байгаа”-г онцлон тэмдэглэлээ.
Форумын үеэр БНСВУ-ын талаас агаарын тээврийн Вьет-Жет групп, Совико групп, Ти Эйч групп, БиАрЖи групп, аялал жуулчлалын Вьен-Пеарл зэрэг компани үйл ажиллагаагаа танилцуулж, монголын талтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар танилцууллаа. Мөн Вьетнам Улсын Вьет-Жет авиакомпанийн Начанг-Улаанбаатар-Начанг чиглэлийн нислэгийн нээлтийн ёслол арга хэмжээ боллоо. Энэхүү нислэг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн тогтмол давтамжтайгаар хийгдэж эхлэх юм.
Тус форумын төгсгөлд зарим аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хоёр талын бизнесийн төлөөлөгчид чөлөөт уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.