Нэг компанийн нэг хэлтэст ажилладаг дөрвөн залуугийн гурав нь аппликэйшний зээлтэй аж. Тэдний нэг А “Би сарын 3.5 хувийн хүүтэйгээр1.4 сая төгрөг дөрвөн сарын хугацаатай зээлсэн. Мөнгө яаралтай хэрэг болсон үед хүнээс тусламж хүсэхгүй, шуурхай шийддэг учраас цахим зээл авах нь хялбар. Дөрвөн сарын хугацаанд хүү болон үндсэн зээлд нийт 1.6 сая орчим төгрөг төлсөн. Хүү нь 190 400 төгрөг буюу төдийлөн их биш мэт санагдаж буй ч жилээр тооцвол 570 000 болж, үндсэн зээлийнхээ талтай тэнцэхүйц мөнгө төлнө” хэмээн ярив. Харин Г “Нэг сарын хугацаатай дөрвөн хувийн хүүтэй 600 000 төгрөг зээлж байсан. Миний зээл авах дээд хязгаарыг хиймэл оюунаар бодож гаргаад мэдээлдэг юм билээ. Хэрэв олон удаа зээл авбал хүү нь буурч, бүр 2.5 хувьд ч хүрэх боломжтой гэсэн. Ганц хоёр сарын хугацаатай зээл авахад төлж буй хүү иргэдэд дарамт болохгүй гэж тооцон үйлчлүүлэгчид олширсоор байгаа болов уу” гэлээ. Тэгвэл иргэн Ч “Манайх буйдан, ширээ, сандлаа онлайн зээлээр худалдан авсан. Нийт гурван сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг нэг жилийн хугацаатай сарын гурван хувийн хүүтэйгээр авсан юм. Хэдийгээр хүү өндөр боловч цахим зээлээр тавилга, цахилгаан бараа авах боломж бүрдүүлсэн нь иргэдэд хүрсэн үйлчилгээ шиг санагдсан. Бид гурван сая төгрөгийг 3 360 000 болгож төлнө” гэв.
Манай улсад банк бус санхүүгийн болон даатгалын байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гээд банкнаас бусад санхүүгийн салбар эрчимтэй хөгжин, бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь зах зээл тэлж буй. Өссөн гэхийн учир нь тухайн байгууллагын санхүүгийн тайлангаас харагдана. Тодруулбал, одоогоос таван жилийн өмнө буюу 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар ББСБ-аас онлайн зээл авсан хүний тоо 360 000 байсан бол энэ жилийн хоёрдугаар улиралд дээрх тоо гурав дахин өсөн, нэг саяыг давжээ. 2019 онд ББСБ-аас зургаа нь онлайн зээлийн үйлчилгээ үзүүлж байсан бол өдгөө 42 компани ийм бүтээгдэхүүн санал болгож байна. Мөн 2019 оны хоёрдугаар улиралд ББСБ-уудын эргэлтийн хөрөнгө 1.5 их наяд төгрөг, жигнэсэн дундаж хүү нь 3.3 хувьтай байв. Тэгвэл 2023 оны II улирлын байдлаар эл салбарын хөрөнгө 3.9 их наяд төгрөгт хүрч, таван жилийн өмнөхөөс бараг гурав дахин, өмнөх оны мөн үеийнхээс 24 хувиар өсжээ. Активынх нь өсөлтийн 80 орчим хувийг зээлийн өсөлт бүрдүүлснийг Санхүүгийн зохицуулах хорооны тайланд дурдсан байна. Мөн энэ оны хоёрдугаар улиралд ББСБ-ууд 520.2 тэрбум төгрөгийн орлого олж, 331.1 тэрбум төгрөгийн зардал гарган189.1 тэрбумын ашигтай ажиллажээ.
Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс орлогын хэмжээ 32.7, ашиг нь 26.8 хувиар нэмэгдсэн бөгөөд зээлийн хүүгийн орлого жилд 42.3 хувиар буюу банк болон санхүүгийн бусад байгууллагынхаас хамгийн өндөр дүнгээр нэмэгдсэн байна. Мэдээж хэрэглэгч, үйлчлүүлэгч, эрэлт их байгаа учраас ББСБ-ын орлого, цахим зээлийн үйлчлүүлэгчид нэмэгдсэн хэрэг. Энэ хэрээр ч санхүүгийн салбарын хүртээмж, мөнгөний нийлүүлэлт сайжирч буй хэмээн мэргэжилтнүүд хэлэв. Нөгөөтээгүүр, ББСБ-уудын зээлдэгчийн тоо, орлого, цэвэр ашиг, зээлийн хэмжээ тав болон нэг жилийн өмнөхөөс өссөн байтал хүү нь бараг өөрчлөгдсөнгүй. Тухайлбал, 2019 онд жигнэсэн дундаж хүү нь 3.3 байсан бол өдгөө сард дунджаар гурав, эсвэл 2.5-4 хувь байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм байгууллагууд 1000 төгрөг зээлэх тутамдаа ойролцоогоор 300-гийн ашиг олж, мөнгө хүүлж буй дүр зураг харагдана. Цахим зээлийн үйлчилгээ эрхлэгчид дунд Монголын нөлөө бүхий томоохон компани MCS, “Таванбогд”, “Шунхлай” групп багтан, өндөр хүүтэй мөнгө санал болгож буйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Онлайн зээлийн үйлчилгээний төрөл ч улам нарийсан тавилга, цахилгаан хэрэгсэл, бэлэн хувцас, гоо сайхны мэс засал, шүдний эмнэлгийн төлбөрийг ч ийм зээлээр шийддэг болжээ. Ийнхүү жилийн 30-40 хувийн хүүтэй, мөнгө хүүлдэг гэж болох сегмент үүсэн, үйл ажиллагаа нь улам боловсронгуй болсоор байна. Тэгвэл онлайн зээл олгогчдод хэрхэн хяналт тавьдаг юм бол. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны ББСБ-ын газрын орлогч дарга Б.Итгэлсүрэн “Онлайн зээлийг тусгай зөвшөөрөл бүхий ББСБ-ууд олгоно. Тэдгээрт ББСБ-ын зээлийн үйл ажиллагааны журмын дагуу хяналт тавьдаг. Финтек үйлчилгээ эрхлэгчдэд ISO стандартыг мөрдүүлж, иргэдийн хувийн мэдээллийг чанд хадгалж буй, эсэхийг нь хянадаг” гэсэн юм. Түүнчлэн зээлийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлж байгааг нь ч шалгадаг бөгөөд зээлдэгчийн өр, орлогын харьцаанд тохирсон хэмжээгээр олгох ёстойг тэрбээр хэллээ.
Харин эдийн засагч Г.Ганзориг онлайн зээлийн үйлчилгээ иргэдэд санхүүгийн дарамт үүсгэж буйг хэрхэн шийдвэрлэх, мөн зээлийн хүү нь үргэлж өндөр байсаар ирсэнд ямар арга хэмжээ авах талаар “Арилжааны банкуудын олгох зээлийн шалгуурыг 2018 онд нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор 2018 оноос ББСБ-аар үйлчлүүлэгчийн тоо олширч, тэр хэрээр зээлийнх нь хүү буурахгүй байгаа нь анзаарагдаж буй. Одоогоор бодлогын хүү өндөр учраас зээлийнх буурахгүй нь ойлгомжтой. Гэсэн ч нүүрсний экспортын хэмжээ их, инфляц болон төгрөгийн ханш тогтвортой байгаа ийм үед бодлогын хүү улмаар зээлийн хүү буурах боломж бий. Ер нь манай эдийн засгийн бүтээмж тааруу, валютын нөөц бага гэх мэт асуудалтай буюу макро эдийн засгийн нөлөөгөөр мөнгөний эх үүсвэрийн зардал, зээлийн хүү өндөр байна” гэлээ.
Эдгээрээс харахад эрх бүхий байгууллага нь журмын хүрээнд хяналт тавьж буйгаа илэрхийлсээр. Гэсэн ч жилд 30-40 хувийг хүү авч, мөнгө зээлдэг байгууллагууд улам олширч, орлого, ашгийнх нь хэмжээ нэмэгдсээр. Үүнээс гадна аппликэйшнээр зээл авахдаа иргэд хувийн бүх мэдээллээ өгдөг, алсдаа энэ нь илүү хор хохиролд хүргэж болзошгүйг анзаарах хэрэгтэй болов уу. Иргэд л ухамсартай, санхүүгийн сахилга бат сайтай байж өндөр хүүтэй мөнгө зээлж, санхүүгийн дарамтад өртөхгүй байхад анхаарах нь чухал юм.