АНУ-ын зарим хэсэгт хүйтний эрч чангарч, өвлийн улирал “хатуухан” эхэлж байна. Тодруулбал, өнгөрөгч аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд Техас болон Мэйн мужид хүйтний эрч дээд түвшиндээ хүрсэн бол Охайо, Пенсильвани мужийн хойд хэсгийн зарим газарт 30 см хүртэл цас оржээ. Мөн Үндэсний цаг уурын газрын мэдээлснээр Миннеаполис хотод 7,36 см-ийн зузаан цас орсон нь 1991 оноос хойш анх удаагаа “Сүнсний баяр”-аар цастай өнгөрүүлсэн түүхийг бичиж байна. Харин Чикаго хотод 5.03 см зузаан цас орсон нь түүхэндээ тус баярыг гуравдахь удаагаа цаснаар тэмдэглэсэн хэмээн онцоллоо.
Мичиганы баруун хэсэгт цас их орсоны улмаас олон мянган оршин суугчид тог цахилгаангүй болж, зам тээврийн 191 осол гарч, есөн хүн гэмтэж бэртжээ. Тус мужийн Гранд Рапидс хотын бүс нутагт 28 см хүртэл цас орсон бол Маскегон хотод 30.63 см цас орсон нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт хэмээн “ABC”-гийн мэдээний албанаас мэдээллээ.