Нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаар бизнес эрхлэгчдийн байр суурийг сонирхох, саналыг нь сонсох зорилготой хэлэлцүүлгийг өчигдөр МҮХАҮТ-аас зохион байгууллаа. УИХ-ын даргаас НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувийг нэмэгдүүлж, тав болгох санаачилга гарган, иргэдээс санал авсан. Тэгвэл дээрх хэлэлцүүлгээр танхимын гишүүн компаниу болон зарим иргэний саналыг сонссон бөгөөд оролцогчдын дийлэнх нь буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлэх биш, татвараа бууруулах нь зүйтэй гэжээ. Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Манай улсад 10 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэх далд эдийн засаг үүссэн гэсэн тооцоо бий. Энэ нь эдийн засгийн салбарын бүтээмжийн 20 гаруй хувь юм.
Уг нь далд эдийн засгийг ил болгох, татварын эрх тэгш орчин бүрдүүлэх зорилгоор НӨАТ-ын буцаалтыг олгож эхэлсэн. Гэтэл зарим аж ахуйн нэгж татвараас зайлс хийсэн, НӨАТ төлөхгүй, и-баримт өгөхгүй хэвээр байна. Буцаан олголтын хэмжээг өсгөснөөр далд эдийн засгийг хянана хэмээн таамаглаж буй ч НӨАТ-аа бууруулбал татвар төлөгч олширч, татварын орлого өсөх боломжтой” гэв. Мөн НӨАТ-ын асуудалд Татварын болон Гаалийн ерөнхий газар байр сууриа илэрхийлж, татвар ногдуулалт, гаалийн бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгөх ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал, хүсэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлэх гэнэ.