Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд болж, өвлийн аялал жуулчлалыг талаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Шийдвэрийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр “2023 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь ажлуудаа хийж дууслаа. Ялангуяа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тавдугаар сарын 4-нд УИХ-аар батлуулж чадсан. Холбогдох стандартуудаа бид цэгцэлж дууслаа. Дээр нь Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулах үүргийг хуулиар хүлээсэн. Үүргээ амжилттай биелүүлж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хоёр дахь хурлаа амжилттай зохион байгуулаад байна.
2023 оны аравдугаар сарын 18-нд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр БНХАУ-ын талтай хэлэлцээр байгууллаа. Үүнтэй холбоотойгоор жуулчид их ирэх байх. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр 2023 оны арваннэгдүгээр сар, 2024 оны хоёр дугаар сард инфлүсерийн баг авчирна. Ер нь нийт зургаан удаа авчрахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар гэрээний хүрээнд нэг тэрбум төгрөг гарчихсан байна. Мөн улсын төсөвт 3.4 их наяд төгрөг аялал жуулчлалаас улсын төсөвт оруулсан. Та бүхэн санаж байгаа байх, өнгөрсөн наймдугаар сард 500 орчим сая хүнд Монголын талаарх мэдээлэл хүрсэн. Мөн 2019 оны жуулчдын тоог энэ жил давсан амжилттай байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гурван том шийдвэр гаргалаа” гэв.
Үүнд
-Олон улсын болон дотоодын нислэгийг хэвээр хадгална.
-Өвлийн аялал жуулчлалыг 111 жуулчны бааз, 7639 орны тоо, хүчин чадал бий. Үүнийг нэмэгдүүлэхээр ирэх оны нэгдүгээр сараас баазыг шинэчлэхээр хөрөнгө оруулж, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргажээ. Улмаар 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор БОАЖЯ-наас улсын төсөвт 3.1 тэрбум төгрөгийн татаасыг суулгаж өгсөн аж.
-“Моngolian winter” марктингийн ажлуудыг хийнэ. Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Боршоо, Ханх, Цагаан нуурын боомтын цагуудыг уртасгаж, жуулчин хүлээж авна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дээрх төлөвлөгөөг батлах аж.
Монголд 6,7,8 сард жуулчдын 40 хувийг хүлээж авдаг. 12, 1, 2 дугаар сард жуулчин ховор ирдэг. Энэ жилээс өвлийн аялал жуулчдыг ийн хөгжүүлэх нь ээ.