Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар иргэд нийслэлд 0.07, аймгийн төвд 0.35, сумын төв, тосгонд 0.5 хүртэлх га газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхтэй. Мөн нийслэлийг орон нутагтай холбосон улсын чанартай авто зам дагуух хэсэгт 0.07 га газар авах боломжтой. Улаанбаатар хотын хэмжээнд өдгөө үүний дагуу газраа өмчилсөн 205 мянга орчим иргэн бий гэнэ. Тэдэнд олгосон нийт талбайн хэмжээ нь 11 орчим мянган га. Нийслэлийн удирдлагууд сүүлийн жилүүдэд, тодруулбал, 2018 оноос хойш энэ тоо (өмчлөлийн зориулалтаар олгосон газрын хэмжээ)-г тогтвортой, “хөдөлгөөнгүй” байлгах бодлого баримталж иржээ. Харин цаашид хууль, эрх зүйн хүрээнд хязгаарлалт тогтоох замаар илүү хатуу чанд хэрэгжүүлэх боломж бүрдүүлэх нь.
Хотын шинэхэн дарга Х.Нямбаатар нийслэлийн авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах бодлого, төлөвлөгөөгөө танилцуулахдаа төвийн зургаан дүүргийн хэмжээнд зуслангийн болон амины зориулалтаар газар олгохыг хориглож буйгаа мэдэгдсэн. Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Төвлөрлийг улам нэмэгдүүлэхгүйн тулд төвийн зургаан дүүрэгт зуслангийн болон амины зориулалтаар газар олгохыг бүрмөсөн зогсоохоор шийдвэрлэлээ. Дүүргийн Засаг дарга, Тамгын газар, Газрын албаныхан цаашдаа зөвшөөрөл олгох эрхгүй болно. Харин захын буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт тээвэр ложистикийн үйл ажиллагааг зохицуулах, хүнсний хангамжийн зориулалтаар газар хэвийн олгоно” гэсэн юм.
Түүнчлэн бүтээн байгуулалтын зорилгоор буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаа явуулах, дахин төлөвлөлт хийх, царцаасан барилга, байгууламжид урьд олгосон газрыг шилжүүлэх гэсэн таван тохиолдолд л хотын даргын захирамжаар газар олгох нөхцөл бүрдүүлж байгааг олон нийтэд зарласан. Өчигдөр УИХ-д өргөн барьсан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлд ийм зохицуулалтууд тусгасан, мөн өдгөө хэлэлцүүлгийн шатандаа буй Газрын багц хуулийн төсөлд үүнтэй холбоотой өөрчлөлтүүд оруулсныг хотын мээр онцолсон билээ. Тэгэхээр цаашдаа нийслэлийн төвийн дүүргүүдэд зөвхөн төр томоохон бүтээн байгуулалт хийх, дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд л газар олгох эрх зүйн орчныг бий болгох нь. Хууль ёсны дагуу эрхээ эдэлж, газраа өмчилсөн иргэний тоо Улаанбаатар хотын хэмжээнд 205 мянга хэвээрээ “царцана” гэсэн үг.
Эл шийдвэрийг хүний эрхийн зөрчил, иргэдээ ялгаварлан гадуурхсан үйлдэл хэмээн шүүмжлэх иргэн олон байна. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаагүй, орон нутагт иргэд аятай тухтай амьдрах боломж бүрдүүлээгүй өнөөгийн нөхцөлд хөрсөн дээрээ буугаагүй шийдвэр гаргалаа гэж зарим нь буруутгаж буй. Гэвч хэт төвлөрөл, замбараагүй төлөвлөлтөөс үүдэлтэй түмэн асуудалд ээрүүлж, нийтээрээ эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байгаа энэ үед ингээд ч болов хязгаарлалт тогтоох нь зүйтэй. Харин ч дэндүү орой ийм шийдвэр гаргалаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нэгэн мэргэжилтэн “Улаанбаатар хотод төлөвлөлт хийсэн газрын нөөц хэдийн дууссан учир 2018 оноос иргэдэд 0.07 га газар олгохыг тодорхой түвшинд хязгаарлаж эхэлсэн” гэж мэдээлэв. Нөхцөл байдал хүндхэн байсан ч дүүргийн Засаг дарга, Газрын албаныхан эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өнгөрсөн хугацаанд бужигнуулсаар, хэн илүү мөнгөтэй, боломжтойд нь газраа зарсаар иржээ. Газар олгохгүй гэсэн албан ёсны шийдвэр, хууль, эрх зүйн зохицуулалт байгаагүй нь тэдэнд ингэж дураараа дургих боломж олгож байж. Харин өнгөрсөн зун болсон үер ус, “5Ш” ажиллагааны хүрээнд ил болгосон мэдээлэлтэй холбоотойгоор газрын наймаа, хот төлөвлөлтийн асуудал сөхөгдсөний дараа буюу наймдугаар сарын 16-наас эхлэн газар ашиглах, эзэмших, өмчлөх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд Ерөнхий сайд тодорхойгүй хугацаагаар хориглосон юм байна. Магадгүй энэ хязгаарлалт хотын шинэ мээрийн Засгийн газарт танилцуулсан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг эцэслэн баталтал хүчин төгөлдөр байх шинжтэй.
Зуслангийн болон амины зориулалтаар газар өмчлүүлэхийг хориглоно гэдэг нийслэлд бугшсан газрын наймааны нэг л сувгийг хааж буй хэрэг. Үүнд оролцдог дүүрэг, хороодын албан тушаалтнуудын “гарыг нь мухарлаж” байгаа явдал. Тэгвэл үүнээс том хулгай, наймаа хийдэг хүмүүсийн сүлжээг хэрхэн таслан зогсоох вэ. Үнэндээ газрын наймаачид ойн сан, дархан цаазат газар, хотын төвийн бүс дэх аль байршил сайтай, ашигтай газруудыг цөлмөөд, эзэмшилдээ аваад дуусгаж буй. Эцэс сүүлдээ төр, хувийн хэвшлийн түншлэл, дахин төлөвлөлт нэрийн дор иргэдийг, төрийн байгууллагынхныг залилж газрыг нь дээрэмдэн, өөр зориулалтын буюу худалдаа, үйлчилгээний барилга, байгууламж барьдаг үзэгдэл газар авсан. Нийслэлийн ЗДТГ-т тодорхой хэмжээний талбай эзэмшүүлэх болзолтойгоор эзэмшлийн газарт нь орон сууц, худалдаа, үйлчилгээний барилга барьсан компани гэрээний эх хувиа засварлан төрийн байгууллагынхныг молигодсон хэрэг хүртэл гараад буй. Дахин төлөвлөлтийн хүрээнд барилга, орон сууц барьж байгаа компаниуд иргэдийн өмчлөх болон бусад эрхийг ноцтойгоор зөрчсөн, хохироосон тохиолдол ч өнгөрсөн хугацаанд цөөнгүй гарсан. Нийслэлийн Засаг дарга иргэдэд амины болон зуслангийн зориулалтаар газар олгохыг хориглож, төр, хувийн түншлэл, дахин төлөвлөлтийн хүрээнд зэрэг “онцгой тохиолдол”-д тусгай зөвшөөрөл өгөхөөр шийдвэрлэсэн нь энэ төрлийн хэрэг цаашид улам гаарах нөхцөл бүрдүүлж ч болзошгүй.
Дэл сул зай талбай нийслэлд багасахын хэрээр газарт шунасан хүмүүс илүү бусармаг аргаар санаснаа гүйцэлдүүлэх болсон. Хулгай, луйвар хийдэг олон замынх нь нэгийг хаачихаар тэд аргаа улам нарийсгах нь тодорхой. Тиймээс дээрх “онцгой тохиолдлууд”-той холбоотой газрын харилцааг ч хууль, эрх зүйн хүрээнд илүү тодорхой, нарийн, ил тод болгох шаардлагатай. Наанадаж газраа зориулалтын дагуу ашигладаггүй, гэрээ, актад тусгаснаас өөр объект барьдаг, аливаа бүтээн байгуулалтыг засгаас засаг, оноос он дамжуулан сунжруулсаар газрыг нь ч, барилга, байгууламжийг нь ч дээрэмдчихдэг зэрэг нийтлэг зөрчил, хууль бус үйлдлээс сэргийлэх зохицуулалтыг бий болгох ёстой. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл, дахин төлөвлөлтийн хүрээнд болон эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг нэн шаардлагатай бүтээн байгуулалт хийж байгаа компаниудад тавих шаардлага, шалгуур, хяналтаа өндөрсгөх хэрэгтэй санагдана. Хууль, эрх зүйн хүрээнд хангалттай сайн зохицуулалт, хамгаалах механизм бүхий систем бий болгохгүй л бол ямар ч арга замаар газар олгосон хулгай зогсохгүй гэдгийг ч учир мэдэх хүмүүс анхааруулсаар байгаа юм. Хот төлөвлөгч, инженер Б.Цэнгэл “Газар олгох үйл явцад хүн оролцож л байгаа бол нөлөөлөлд автах, буруу булхай шийдвэр гаргах магадлалтай. Өнгөрсөн хугацаанд дүүргийн гэлтгүй нийслэлийн Засаг дарга нар ч хотын газрыг тараахаараа нэг болсон. Х.Нямбаатар ч тэгэхгүй гэх баталгаа үгүй. Үүнээс сэргийлэхэд сайн хууль л хэрэгтэй” хэмээн санал бодлоо хуваалцсаныг энд онцолъё.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эхний байдлаар танилцуулаад буй хотын шинэ дарга болон түүний багийнхан, үүн дээр ажиллаж буй хүмүүс газрын харилцаатай холбоотой асуудалд ул суурьтай хандаж, бодит нөхцөл байдлаа томоор зураглан хараасай билээ. Тэгж байж л Улаанбаатар хотод ужгирсан газрын наймааг таслан зогсоох нөхцөл бүрдэнэ.