2024 оны төсвийн төсөлд Төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэхээр тусгажээ. Тодруулбал, Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар, нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, 217 мянган хүн хамруулахаар төлөвлөсөн байна. Мөн суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
Мөн орон нутагт дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны хүрээнд Төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3 хувийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргана. Орон нутагт шинээр томилогдон очиж ажиллах тохиолдолд байрны түрээсийг эхний нэг жил төсвөөс төлнө. Түүнчлэн орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
2023 оноос төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгож эхэлсэн. 1 жилээс дээш ажиллавал 1, 2 жилээс дээш 2, ... 12 жилээс дээш 12 хувь гэх мэт нэмэгдэх юм. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж ТЗ-ны албан хаагчаар ажиллавал 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сараар, сум, тосгонд 1 жил 6 сар ажилласантай тус тус дүйцүүлэн тооцно.