Монголын өвөл хахир хатуу, дээр нь хүйтний улиралд гал түлж, утаа “үйлдвэрлэх” нь хүн ам хавдраар өвчлөх гол суурь шалтгаан болоод буй. Тиймээс Засгийн газраас өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны үнийг тэглэх бодлого хэрэгжүүлдэг. Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ, тарифын газрын дарга Б.Эрдэнэбулганаас энэ талаар тодрууллаа.
-Айл өрхүүдийн цахилгааны хэрэглээг бүрэн дүүрэн хангахад эрчим хүчний байгууллагад ямар бэрхшээл учирч байна вэ. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ өнөөдрийн байдлаар кВт.ц вэ?
-Эрчим хүчний үйлдвэр, компаниуд айл өрхүүдийн цахилгааны хэрэглээг бүрэн ханган ажиллаж байна. Цахилгааны эрчим хүчний бодит өртөг 2023 оны байдлаар 243 төгрөг бөгөөд айл өрхүүдэд дунджаар 140 төгрөгөөр борлуулж, нэгж тутамд 103 төгрөгийн алдагдал айл өрхөөс хүлээдэг. Жил бүр цахилгааны хэрэглээ 4-6 хувиар нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд айл өрхийн цахилгааны хэрэглээг ханган ажилласнаас эрчим хүчний салбар их хэмжээний алдагдал хүлээж байна. 2023 оны аравдугаар сарын 29 өдрийн байдлаар улсын хэмжээнд цахилгаан ачаалал 1251 МВт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 111 МВт буюу 9.7 хувиар өссөн байна. Нийт ачааллын 298 МВт буюу 24 хувийг ОХУ-ын импортын цахилгаанаар нөхөж ажилласан байна.
-Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шөнийн тарифыг тэглэдэг. Энэ жил уг зохицуулалт үргэлжлэх үү. Айл өрхийн халаалтын төлбөр тооцох талбайг хэрхэн тогтоох вэ?
-Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн цахилгааны тарифт үзүүлж буй хөнгөлөлт арванэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэвээр үргэлжилнэ. Орон сууцны халаалтын төлбөр тооцох талбайг MNS 6058:2009 стандарт буюу “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал”-д заасны дагуу хэмжилт хийгдсэн талбайгаар тооцно.
-Цахилгааны үнэ тарифыг өнөө жил хоёр дахин нэмнэ гэсэн шуум бий. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Эрчим хүчний зохицуулах хороо бол үнэ тариф нэмдэг биш эрчим хүчийг илүү хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхийн төлөө ажиллахгүй байх шиг.
-Цахилгааны үнэ хоёр дахин нэмэгдэхгүй. 28 хувиар нэмэгдэх хэрэгцээ шаардлага бол бий боловч одоогоор тариф нэмэгдэх асуудал яриагүй байна. Зохицуулах хорооны хуулиар олгосон үндсэн чиг үүрэг нь хэрэглэгч болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын тэнцвэртэй байдлыг хангах явдал, ингэхдээ хамгийн бага өртгийн зарчмаар үүнийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Хамгийн бага өртгийн зарчмаар тооцсон бодит өртөг 243 төгрөгт хүрсэн өнөөгийн нөхцөлд айл өрхийн тариф 140 төгрөг байгаа нь хэрэглэгчийн эрх ашиг гэхээсээ илүү эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын эрх ашиг хөндөх түвшинд хүрээд байна.