-Зах зээл дээрх шатахууны нийлүүлэлт тогтворжоогүй байна-
Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж ирсэн. Ингэхдээ нийт хэрэглээний 95 орчим хувийг ОХУ-аас Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар, Цагааннуур, Боршоо боомтуудаар авто замаар нийлүүлж байна.
ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар шатахууны экспортыг хориглох шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсан. Үүний улмаас манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдох нөхцөл байдал үүссэн.
Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч, 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн ОХУ-аас манай улсад Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээсэн. Гэвч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж тогтворжоогүй байна. Мөн Цагааннуур, Боршоо авто замын боомтоор импорт хийгдэхгүй байгаа шалтгаанаар төвийн бүсээс баруун бүсийн аймгууд руу шатахууныг тээвэрлэн, хангамж хийж байна. Энэ нь дотоодын зах зээл дээрх шатахууны хангамжид тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа талаар АМГТГ-аас мэдээллээ.
ОХУ-аас 9, 10 дугаар саруудын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг энэ сарын дунд үеэс нэмэгдүүлж, Сүхбаатар өртөөгөөр сүүлийн 3 хоногт 213 шатахуунтай вагон орж иржээ. Өнөөдрийн байдлаар 511 вагон хил, өртөө, боомт дээр хил нэвтрэхээр хүлээгдэж байна.
Шатахууны ачилт, тээвэрлэлт, гааль, түгээлтийг нэмэгдүүлэхээр импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих ажлыг зохион байгуулах, хангамж тогтворжих хүртэлх хугацаанд уртасгасан цагаар хамтарч ажиллах дэмжлэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газарт хүргүүлээд байна.
Аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 18 хоног, Аи-92 автобензин 20 хоног, Аи-95 автобензин 46 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн нөөцтэй байна. Мөн улсын хэмжээнд шатдаг хийн ердийн хэрэглээний 41 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байгаагаас автомашин хийгээр цэнэглэх станц болон хий цэнэглэх цэгийн үлдэгдэл 18 хоног, хий цэнэглэх станц буюу агуулахын үлдэгдэл 23 хоногийн нөөцтэй байна.