2024 онд Улсын Их Хурлын болон Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон цагдаагийн байгууллагад шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгажээ. Ингэхдээ Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн зардалд 39.5, Орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг төсөвлөж, сонгуулийн нийт зардалд 72.2 тэрбум төгрөгийг тооцоолсон байна. Энэ нь 2020 оны сонгуулийн зардлаас 29 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Тодруулбал, 2020 оны сонгуульд 43 тэрбум төгрөг зарцуулахаар 2020 оны улсын төсвийн төсөлд тусгасан байдаг. УИХ-ын сонгуулийн зардалд 20.5 тэрбум, Орон нутгийн сонгуулийн зардалд 16.6 тэрбум төгрөгийг тусгасан. Мөн сонгуультай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газарт 1.0, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 4.8, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 0.1 тэрбум төгрөгийн тус тус төсөвлөж байжээ.