Улсын Их Хурлаас энэ өдрүүдэд 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг ид хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд үйлдвэржилтийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх зарим онцлог ажлуудаа дурдав. Түүний танилцуулснаар төсвийн төсөлд, татвар нэмэхгүйгээр бизнесийн орчин, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээл, боловсруулах үйлдвэрийг дэмжсэн, төсвийн орлогын суурийг өргөжүүлэх татварын бодлого хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд хуваарилжээ. Нэг үгээр бол, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд нийт 1050 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх нь. Харин гадаад зээл тусламжийг усан цахилгаан станц, газрын тосны үйлдвэрт оруулах зэрэг тэргүүлэх ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд ашиглана.
Өнөө жил нэн тэргүүнд дэд бүтцийн салбар буюу эрчим хүч, замын бүтээн байгуулалтад улсын төсвөөс түлхүү санхүүжилт олгох аж.
Тодорхой хэлбэл, Эрчим хүчний салбарт нэг их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэнэ. Жишээ нь, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нөхөн олговорт 9.2 тэрбум төгрөг зарцуулна. Мөн 10 аймгийн ДЦС-ыг ирэх жил ашиглалтад оруулахын тулд түлхүү хөрөнгө оруулах юм байна. Дээр нь Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсвэрийг баттай болгохын тулд Төв цэвэрлэх байгууламжид шаардлагатай хөрөнгө оруулалт хийнэ. Гэхдээ эрчим хүч гэхэд хамгийн багадаа 50 мВт хүчин чадалтай станц барихад 100 саяас дээш төгрөгийн хөрөнгө оруулалт шаарддаг. Үүнд хөрөнгө оруулахад бусад салбарын бүтээн байгуулалт хойшилдог байна. Тиймээс хөрөнгө их шаарддаг салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар хөрөнгө оруулахыг чухалчилж иржээ.
Цаашлаад зам тээврийн салбарт 790 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүний 350 тэрбумыг нь зөвхөн зам засварт зарцуулах гэнэ. Зам тээвэр, хөгжлийн яамнаас ирүүлсэн анхны төслөөр бол зам засварт дор хаяж 500 тэрбум төгрөг шаардлагатай хэмээх санал ирүүлжээ. Ирэх жил Дорнодын “Тамын 50” замаас өгсүүлээд Өмнөговийн асуудалтай замуудыг засаж, сайжруулахад анхаарч, ахиу мөнгө хуваарилжээ. Мөн хилийн боомтуудад лаборатори байгуулахад мөнгийг төсөвт тодорхой хэмжээгээр тусгасан байна.
Мэдээллийн үеэр ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг хөндсөн. Ирэх жил ипотекийн зээлийн санхүүжилтийг төсөвт суулгаагүйгээ Сангийн сайд хэллээ. Тэрбээр банкуудад сард эргэн төлөлтийн 30-40 тэрбум, зарим сард 50 тэрбум төгрөг орж ирдэг. Энэхүү зээлийн эргэлтээрээ дараагийн бүтээн байгуулалт өрнүүлэх ёстой. Төсвөөс байн байн мөнгө гаргахаар үнийн савлагаа үүснэ. Төсвөөс ипотекийн зээлд мөнгө нэмж төсөвлөхгүй. УИХ-аас Монголбанктайгаа ойлголцох ёстой” гэх мэдээллийг өгсөн.
Мөн сэтгүүлчид НӨАТ-ын хувийг нэмэх, эсэх талаар тодруулсан. Үүнд Сангийн сайд дараах байр суурийг илэрхийлэв.
-НӨАТ-аар дамжуулж комбинац хийх нь буруу. Татварын орлогоороо оролдсон улс хөгжсөн түүх байхгүй. Одоогийн эдийн засаг маш хэврэг. Нэг өдөр “Ковид-19” шиг цар тахал гарахад хүндрэл үүснэ. Сүүлийн 30 жилд НДШ нь компаниудад дарамт болж ирсэн. Сонгууль болгоноор малчдад урамшуулал, хөнгөлөлт үзүүлдэг. Үүнээс үүдээд өнөөдөр төсөвт 1.4 их наяд төгрөгийн дарамт ирж байна. Тиймээс НӨАТ-аас илүү НДШ-ээр оролдмоор байна. Бодит тооцоолол хийж, НДШ төлөлтийг боловсронгуй болгох нь чухал хэмээлээ.
2024 оны НӨАТ-ын урамшууллын буцаан олголт ямар байх вэ?
НӨАТ бол далд эдийн засгийг ил болгох асуудал. Сард хоёр саяас төгрөгөөс дээш НӨАТ-ын буцаан олголт авдаг иргэн 0.2 хувийг эзэлж байна. Тэдний зарим нь жилд 23 сая төгрөг авдаг. Хэрэв НӨАТ-ын хувийг нэмбэл эдгээр иргэн жилд 50 сая төгрөгийн буцаан олголт авах нь ээ.