Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 95 хувьтай байна гэж дүгнэлээ. Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын байр, чиг үүргийн давхардалд дүгнэлт гаргаж танилцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, харьяа, төсөвт үйлдвэрийн газар, байгууллагуудын стратеги төлөвлөгөөг “Хотын хөгжлийн индекс”-тэй хэрхэн уялдаж буйг судлан, байгууллагуудын стратеги төлөвлөгөөний мандатын шинжилгээг “Хотын хөгжлийн индекс”-тэй уялдуулан боловсрууллаа. Ажлын хэсэг нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцсэн. Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын ажлын байрны чиг үүргийн давхардал, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог тодорхойлж, ажлын байрны шинжилгээ хийхэд нийт баталсан орон тоо 17 682 байгаагаас 2455 нь сул орон тоо, 15 227 албан хаагч одоо ажиллаж байгаа юм.
Мөн гэрэлтүүлгээ асааж чадахгүй байгаа, удаан хугацаанд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээг цуцалж, дараагийн аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, хамтран ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу УБЗАА-наас гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, найман аж ахуйн нэгж, байгууллагаас гэрэлтүүлгийн асалт хангалтгүй байсан Хан-Уул дүүргийн “Новел нетворк” ХХК-д "Гэрэлтүүлгийн ашиглалтыг шилжүүлэх" мэдэгдлийг хүргүүлжээ.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 97 хувьтай, 4145 тонн давс, 2759 тонн бодис нөөцлөөд байгаа юм. Нэмж 1359 тонн давс, 4499 тонн бодис худалдаж авна. Зам, талбайн цэвэрлэгээний 24 байгууллагын 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байна.Хот тохижилтын газрын даргаас зам, талбайн цас цэвэрлэх машин, давс, бодисын нөөцийн талаар дараах мэдээллийг өгчээ. СХД-ийн хувьд дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 200 тонн давс нөөцөлсөн. Баянзүрх дүүрэг техник хэрэгсэл дутагдалтай, хоёр техник хэрэгтэй байгааг шуурхай зөвлөгөөний үеэр хэллээ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн нэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Баянгол дүүрэгт 80 тонн бодис, давс цацагч хоёр машин бий. Налайх дүүрэгт орон нутгийн өмчит нэг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, цас цэвэрлэгч машин байхгүй, тендер зарласан, ирэх сарын дундуур авах юм байна. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Бодис цацагч 12 машин байгаагаас хоёр нь эвдэрч, хоёр нь тэвшээ солиогүй. 07:40 цагаас эхний машин гарч, 10:00 цагийн байдлаар 12 тонн давс цацаад байна” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс