“Мишээл экспо” төвд энэ сарын 27-29-нд болсон “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн хөдөлмөрийн яармагийн үеэр Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Цар тахлын үеэр хамгийн их хохирол амссан нь аялал жуулчлалын салбар. Тур оператор компаниудын 60 хувь нь энэ үеэр ажилтнуудаа алдсан. Ажилтнаа “хамгаалж”, хадгалж авч үлдсэн гэх 40 орчим хувь нь ч хүндхэн нөхцөл байдалтай, цалингаа арайхийн тавьж, хүмүүсээ торгоож байсан. 2023 онд аялал жуулчлал сэргэсэн ч тогтвортой ажиллах, мэргэжилтэй боловсон хүчин эрэлттэй, хомсдолтой хэвээр. Мэргэжлийн хүнийг ажиллуулахаасаа илүү гэр бүл, ойр дотнынхноо дайчлах замаар хүний нөөцийн асуудлаа шийддэг аж ахуйн нэгж, байгууллага олон байна. Үүнээс үүдээд үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой олон бэрхшээл тулгарч буй” гэлээ.
Аялал жуулчлалын салбарт өдгөө тулгамдаж буй гол асуудал нь ажиллах хүчний хомсдол. Тэр ч үүднээсээ “Ай Ти Эм” олон улсын үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулсан гол арга хэмжээ нь ажлын байрны нээлттэй өдөрлөг байлаа. Үүнд зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим аж ахуйн нэгж оролцож, 200 гаруй ажлын байрыг иргэдэд санал болгосон юм. Аялал жуулчлалын улирал дуусаж буй учраас өдгөө боловсон хүчний эрэлт харьцангуй буурсан, хөдөлмөрийн яармагийн үеэр санал болгосон ажлын байр энэ салбарт дутагдаж байгаа нийт сул орон тооны хаана нь ч хүрэхгүй гэдгийг албаны хүмүүс онцоллоо. Энэ зах зээлд ямар мэргэжилтэн илүү эрэлттэй, залуучууд аль чиглэлээр түлхүү ажиллах сонирхолтойг тандах зорилгоор ийм өдөрлөг зохион байгуулж байгааг дээрх мэргэжилтэн дурдсан юм. Үүний үр дүнд тулгуурлаад ирэх оны хавар буюу аялал жуулчлалын улирал эхлэх үед ажлын байрны өргөтгөсөн өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эл салбарт яагаад хүн тогтдоггүй вэ. Нэгдүгээрт, манай улсын аялал жуулчлалын улирал харьцангуй богино. Үндсэндээ 6-9 дүгээр сард нийт жуулчныхаа 80-90 хувийг хүлээж авдаг, аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь аравдугаар сар гэхэд үйл ажиллагаагаа зогсоодог. Тиймээс залуус улирлын хамааралтай салбарт ажиллахаас дөлдөг. Хоёрдугаарт, дийлэнх амралтын газар, жуулчны бааз төв суурингаас хол байрладаг, хүмүүсээ 7-14 хоногийн ээлжээр ажиллуулдаг нь нөлөөлдөг. Монголын хамгийн анхны хувийн хэвшлийн жуулчны бааз болох “Түвшин наран”-гийн менежер Б.Мөнхбат “Манай улс энэ жил түүхэндээ байгаагүй олон тооны жуулчин хүлээж авлаа. Ирэх онд ч энэ үзүүлэлтээ хадгалах төлөвтэй. Бид үүнээс урьтаад ажиллах хүчний асуудлаа шийдэх хэрэгтэй. “Энэ салбарт л ажиллая” гэж зорьж ирж байгаа хүн алга. Манай бааз гэхэд байнга сул орон тоотой байдаг. Залуучууд орон нутагт, ялангуяа говийн бүсэд ажиллахыг хүсдэггүй. Аргагүйн эрхэнд жуулчлалын оргил үед оюутнуудыг цалинжуулан ажиллуулдаг. Ер нь ихэнх жуулчны бааз, амралтын газар боловсон хүчний дутагдалтай, нэг ажилтнаар 2-3 хүний ажил хийлгүүлдэг нийтлэг дүр зурагтай” гэсэн юм.
“Утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн, бизнес эрхлэгчийн тодорхойлсноор “Ай Ти Эм” бол нийслэл, орон нутаг дахь бизнес эрхлэгчид, тур оператор компани, зочлох үйлчилгээний байгууллагуудыг нэгтгэн зангидаж, хамтын ажиллагааг нь өргөжүүлдэг чухал арга хэмжээ юм. Манай улс эл үзэсгэлэнг энэ удаа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас дэвшүүлсэн “Ногоон хөгжил, тогтвортой хөрөнгө оруулалт” урианд нийцүүлэн “Ногоон хөрөнгө оруулалт, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд 24 дэх удаагаа зохион байгууллаа. Үүнд нийслэл, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулав.
Манай улс цар тахлын нөлөөгөөр уналтад орсон аялал жуулчлалаа богино хугацаанд сэргээх, тэргүүлэх салбар болгож хөгжүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд энэ оны эхний 10 сард цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхоос давсан тооны жуулчин хүлээн авлаа. Тодруулбал, Монгол Улс одоогоор цар тахлын өмнөх үеийнхээс 30 гаруй мянгаар илүү буюу 600 мянган жуулчин хүлээн авч, эл салбараас 3.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байна. Энэ нь аялал жуулчлалын түүхэн дэх дээд үзүүлэлт болж буй гэнэ. Ирэх онд эл амжилтаа хадгалж, илүү олон тооны аялагч хүлээн авахын тулд үйлчилгээний чанар, хүртээмжээ сайжруулах, ажиллах хүчнээ бэлтгэхэд одооноос анхаарах шаардлагатайг судлаач, мэргэжилтнүүд хөндлөө. Мөн орон нутгийнхан идэвх санаачилгатай ажиллах нь чухал гэдгийг судлаачид дурдсан юм.
Энэ жилийн арга хэмжээний түнш аймгаар Хөвсгөл сонгогдсон. Тус аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар “Хөвсгөл бол Монголын аялал жуулчлалд томоохон байр суурь эзэлдэг, гадаад, дотоодын аялагчдыг хүлээж авах байгалийн хамгийн таатай, потенциалтай бүс нутаг. Бид энэ нөөц боломждоо тулгуурлан аялал жуулчлалаа идэвхжүүлэхийн тулд орон нутагт зохион байгуулдаг арга хэмжээнийхээ тоог хоёр дахин олшруулж, зөвхөн үүний зардалд орон нутгийн төсвөөс 500 сая төгрөг хуваарилсан. Үр дүнд нь 2023 онд гадаад, дотоодоос 128 мянган жуулчин хүлээн авч, 8-9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь цар тахлын өмнөх түвшний үзүүлэлтийг давлаа. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, нутгийн иргэдийн орлого өнгөрсөн зун хоёр дахин өссөн. Орон нутгийнхан өөрсдөө санал санаачилга гарган хичээвэл үр дүнд хүрч болдгийг үлгэрлэн харууллаа. Ирэх жил юу хийхээ бодлогын түвшинд тодорхойлохоор ажиллаж байна” гэсэн бол Баян-Өлгий аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн О.Лена “Манай аймагт 2020 онд дотоодын 10, 2021 онд 15 мянга гаруй жуулчин аялсан бол өнөө жил 35 мянган аялагч хүлээн авлаа. Баян-Өлгий гадаадын төдийгүй дотоодын аялагчдын сонирхлыг татсан, аяллын гол маршрутад багтсаар байна. Үүнд маркетинг, сурталчилгаа, орон нутагт зохион байгуулдаг арга хэмжээ, дэд бүтцийн тааламжтай байдал, нислэгийн үнийн хөнгөлөлт зэрэг нөлөөлсөн” хэмээн ярилаа.