ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран “Өсвөр үеийнхэн, байгаль орчин ба хууль” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй билээ. Тус байгууллагынхан үүний хүрээнд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 мянган хүүхдийг өртөөчилсөн сургалтад хамруулсан бол сүүлд тус төвийн байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн танхимыг тохижуулж, хүлээлгэн өгчээ. Ингэснээр экологич, мэргэжилтнүүд хууль бус антай холбоотой мэдлэг, ойлголт олгох “Амьд үлдээгээч” өртөөчилсөн сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах материал бүхий шинэ танхимтай болов. Танхимын гол хэсэгт “Хууль ба миний орчин” сэдэвт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, түүний хор уршгаас сэргийлэх арга замыг таниулах самбар, “Эрх зүйн тухай энгийнээр” цуврал контентыг видео, зураг хэлбэрээр үзэх дэлгэц байршуулжээ. Мөн Монгол Улсад нэн ховор, ховор амьтан, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай суурь мэдлэг, ойлголт өгөх зорилготой модон болон товгор үзүүлэн, зураг, бичвэр зэргийг сургалтад ашиглахаар бэлдсэн байна.