Улсын хэмжээнд энэ онд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаан буудай, 18.3 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 101.7 мянган га-д малын тэжээл, 121.4 мянган га-д тосны ургамал, долоон мянган га-д жимс, жимсгэнэ гээд нийт 601.3 мянган га-д тариалалт хийсэн. Ургац хураалтын явц энэ сарын 25-ны байдлаар үр тарианых 79.4, төмснийх 95.8, хүнсний ногооных 87.7 хувьд хүрснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тодруулбал, 269.7 мянган га-гаас 387.2 мянган тонн үр тариа, үүнээс 235.8 мянган га-гаас 347.6 мянган тонн улаан буудай, 17.5 мянган га-гаас 171.6 мянган тонн төмс, 11.8 мянган га-гаас 153.9 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Мөн 61.2 мянган га-гаас 169.6 мянган тонн тэжээлийн ургамал, 83.2 мянган га-гаас 35.8 мянган тонн тосны ургамал хураан авсан аж.
Ташрамд дурдахад, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, 982 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгож буй. Одоогоор газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт 1203 аж ахуйн нэгж, иргэнд 110 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээл болгон олгоод байгаа аж. Мөн 175 аж ахуйн нэгж, иргэнд 65 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ.
Бэлтгэсэн: Б.Сонор