Чингис хаан хийгээд олон үеийн монголчуудын сүслэн дээдэлж ирсэн Бурхан Халдун уулын өвөрт, Хэрлэн мөрний эхэнд орших, байгалийн үзэсгэлэнт нутгаараа “Төв аймгийн Швейцарь хэмээн алдаршсан Мөнгөнморьт суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай хэрэгжүүллээ.
Аяныг нээж Мөнгөнморьт сумын Засаг дарга Б.Батчимэг үг хэлэхдээ “Манай сум газар нутгийн хэмжээгээрээ Төв аймгийн 27 сумаас гуравт ордог, хүн амын нягтаршил хамгийн багатай сум юм. Нийт 2000 гаруй хүн амын 20 гаруй хувийг буриад угсаатан эзэлдэг. Газар нутгийн 80 хувь нь ой, үүний 50 гаруй хувь нь Улсын тусгай хамгаалалттай газар.
Тус сум нь Монгол Улсын Төрийн соёрхолт эрдэмтэн Б.Аюуш, МУСГЗ Өвгөөдэй Ц.Дамдинсүрэн, МУГЖ Л.Чаминчулуун зэрэг олон алдартан төрөн гарсан авьяас билэгт ард түмний өлгий нутаг юм. Мөн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 45 иргэн бий” хэмээн онцлов.
Чингис хаан үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, түүхийн ухааны доктор На.Батболд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Соёлын яамнаас өрнүүлж буй тус аяны талаар товч танилцуулаад, “Чингис хааны ёс суртахуун ба Монголчуудын үнэт зүйл” сэдэвт илтгэл тавив. Илтгэлийн төгсгөлд “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд бэлтгэгдсэн сургагч багшид батламж гардуулав.
Мөн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулан, ЧХҮМ-н зарим үзмэр, эд өлгийн зүйлсээс бүрдсэн түр үзэсгэлэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн танилцуулга, худалдаа, AR, VR үзүүллэг, Төв аймгаас төрөн гарсан алдартнуудын 50 гаруй гэрэл зургийн цомгийг дэлгэн үзүүллээ.
Мөнгөнморьт сумын Аймгийн тэргүүний цэцэрлэг болон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит ЕБС-ийн сурагчдын дунд боловсролын хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж, сургагч багш нар Соёлын төвийн ажилтан, албан хаагчдад мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгуулж, орон нутаг судлах танхимд зориулж үзмэрийн хадгалалтын орчинг сайжруулах мөөгөнцрийн эсрэг, чийгийг баригч, үнэр дарагчийг хүлээлгэж өгөв.
Тус сумын хүүхэд багачууд бүжгийн авьяасаараа аймагтаа тэргүүлж, улсад өрсөлддөг бөгөөд Төв аймгийн хүүхдийн урлагийн Яргуй наадмаас бүжгийн төрлөөр 5 удаа алтан медаль хүртэж, жил бүр урлагийн тоглолтоо ард иргэдэд толилуулдаг аж.