Сургуулийн өмнөх боловсролын бэлтгэл бүлгийн багш нарт зориулсан цахим сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эхлүүлжээ. Энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх уг сургалтад бэлтгэл бүлгийн 2205 багш хамрагдаж байна. Сургуульд элсэн суралцах хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга зүйг тэд цахим хэлбэрээр судлан, өдөр тутмын сургалт, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх аж. Хүүхдүүдийг сургуульд элсэн суралцахад нь бэлтгэх зорилгоор дээрх яамнаас санаачлан “Миний анхны сурах бичиг” дасгал ажлын ном гаргажээ. Боловсролын салбарын эрдэмтдийн судалгааны ажлын үр дүн болон өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан уг номыг боловсруулсан гэнэ. Мөн бэлтгэл бүлгийн хүүхдийг сургах багшид дэмжлэг үзүүлэх, сургалтын арга зүйн хувилбаруудыг багтаасан “Багшийн хөтөч” зөвлөмж гаргаад байгаа аж. Эдгээр ном, зөвлөмжийн дагуу бэлтгэл бүлгийн багш нарт цахим сургалт явуулж байгаа юм.
Бэлтгэсэн: М.Оч